Жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Булган аймгийн Засаг даргад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Зөвлөмжийг хүргүүлээд байсан. Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг Булган аймагт ажиллах үеэрээ дээрх Зөвлөмжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгалаа.
Шалгалтын үеэр тус аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай болон бусад хэлтсийн дарга нартай уулзаж, төрийн захиргааны байгууллага аливаа үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг удирдлага болгон шийдвэр гаргахдаа жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй бодлого шийдвэр гаргахыг хүсээд, жендэрийн сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагчдыг дэмжин, шинэчлэгдэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг зөвлөв. Мөн төрийн албан хаагч нарын хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангаж, жендэрийн тухай ойлголт өгөх, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил хийх шаардлагатай байгааг Комиссын гишүүн Х.Мөнхзул хэллээ.
Ажлын хэсэгт ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн Ахлах референт Г.Ууганбаатар, Ахлах мэргэжилтэн Д.Намжилсүрэн, Булган аймаг дахь Комиссын референт Д. Мөнхсайхан нар ажиллав.