Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны санхүүжилтээр 2020 оноос “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцахаар Комиссын болон Европын Холбооны төлөөлөгчид (2022.03.04-05) Хэнтий аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзав.
Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Европын Холбооны Бүсийн төлөөлөгчийн газрын хамтын ажиллаганы хэлтсийн дарга Даниэль Хаше, Европын Холбооны Зүүн ази, Номхон далайн бүс нутаг дахь Олон улсын түншлэлийн ерөнхий газрын Монгол хариуцсан ажилтан Мирослав Бозич, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн М.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар оролцлоо.

Элчин сайдын зүгээс “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төсөл нь 4 аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа бөгөөд харьцангуй богино хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн төсөл гэдгийг онцлоод Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх, төслийн үр дүнг баталгаажуулах хүрээнд төслийн үр дүнгийн талаарх мэдээлэл, төслийн хүрээнд бий болгосон сайн туршлагыг бусад сумдад түгээх, зорилтот бүлэгт зориулж сумд болон аймгийн төвд зохион байгуулах сургалт, семинарт туслах малчдыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг Засаг даргаас хүсэв.
Хэнтий аймгийн Батноров, Галшар, Өмнөдэлгэр сумдад хэрэгжиж байгаа туслах малчдыг чадавхжуулах төслийн хэрэгжилт, судалгааны үр дүнг Комиссын илтгэлд тусган Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулсан нь Хөдөлмөрийн хууль /шинэчилсэн найруулга/-д туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтууд тусгагдахад тодорхой нөлөө үзүүлсэн гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан дурдав.

Уулзалтын үеэр Комиссын гишүүн Ж.Хунан төслийн зохицуулагч, орон нутгийн ажилтан болон МЭХ-ны аймгийн зөвлөлийн тэргүүн нар Европын Холбооны төлөөлөгчдийн тавьсан асуултад тодорхой хариулт өгч, асуудал тус бүрээр санал солилцов. Туслах малчны хүний эрхийн асуудал нь Монгол Улсын хувьд шинэлэг, тулгамдсан асуудал бөгөөд төслийн үр дүнд асуудлыг төр засаг, олон нийтийн анхаарлын төвд авчирч, тодорхой арга хэмжээг авч, Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтуудыг тусгасан байдаг.
Хэнтий аймагт ажиллах үеэрээ Европын Холбооны төлөөлөгчид болон ХЭҮК-ын гишүүн төлөөллийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан болно.
