• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС ХЭҮК-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд шинэ оны эхэнд шинэчлэгдэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн энэ цаг үед Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй болгох, хүний амьжиргаа болсон хөдөлмөрлөх эрхийн асуудалд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан тодотгов. Мөн хүний эрхийн зарчимд тулгуурласан, хүний эрхийг эрхэмлэсэн байхад бүх талаар дэмжиж, МҮЭХ-оор дамжуулж эрхээ хамгаалахад дэмжлэг үзүүлж, Комиссын ээлжит хуралдаанаараа авч хэлэлцэж байр сууриа илэрхийлэхээ мэдэгдлээ. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Комиссын гишүүний сонгон шалгаруулалтыг энэ сарын 15 хүртэл зарласан байгаа учраас нэрээ дэвшүүлэхийг хүслээ.

Уулзалтын үеэр тус холбооны ерөнхийлөгч хэлэхдээ МҮЭХ-ны зорилго бол цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх явдал биш, амьдралын чанарыг сайжруулах, тэтгэвэр тэтгэмж, ажлын байрны эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэгш боломж нийгмийн хэрэгцээг хангах нь бидний үндсэн ажил. Үйлдвэрчний эвлэлийн сонгуультан шүгэл үлээгч байсныхаа төлөө дарамтлуулдаг хавчин гадуурхагддаг байж болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн хуулийг эрх зүйн хувьд сайжруулахад Комисс чухал үүрэгтэй. Үйлдвэрчний эвлэлийн институци байгууллагын хувьд хуулийг шинэчлэх асуудал эрх зүйн хувьд дордуулчих вий гэдэгт санаа зовниж байна. ХЭҮК нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага учраас хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль шинэчлэгдэх асуудал яригдаж байгаа үед эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийн асуудлаар хамтарсан судалгаа хийх, мөн хөдөлмөрийн шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын байрны дарамт болон бэлгийн дарамтын гомдлыг шийдвэрлэхэд анхаарах, үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудад мэдлэг олгох сургалт явуулах талаарх саналыг Комиссын гишүүн Х.Мөнхзул гаргасан юм.

Мөн Комиссын гишүүн Б.Энхболд иргэдэд тэгш боломж олгох үүднээс тэтгэвэрийн зөрүүг арилгах, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэвэрийн хэмжээг эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх шаардлага урган гарч байна. Тийм учраас олон талаар хамтран ажиллаж, дуу хоолойгоо хүчтэй хүргэх шаардлага буйг онцлов.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2019 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг гурван жилийн хугацаатай байгуулсан. Хоёр тал санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж шинэчлэн байгуулахаар тогтлоо.

Уулзалтад ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул, Б.Энхболд, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон улсын гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс байлцав.