• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НЭГ Ч ХҮҮХЭД ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ ЁСГҮЙ, СУРГУУЛИЙН ОРЧИНД ТӨДИЙГҮЙ ДОТУУР БАЙРАНД Ч ТЭД ХӨГЖИХ ЁСТОЙ

Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон Хил хязгааргүй хуульчид Төрийн бус байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамтран зохион байгуулсан "Хүүхэд хамгаалал-Дотуур байр" үндэсний хэлэлцүүлэгт ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан оролцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 20 илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьсанаас 13-т нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж тусгасан байдаг. Хэлэлцүүлийн үеэр ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан дотуур байртай холбоотой хүүхдийн эрхийн анхаарал хандуулах дараах асуудлыг онцлон тэмдэглэсэн. Үүнд:

265119494_626704662113521_7332819210609473413_n.jpg
  1. Хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхлыг үргэлж түрүүнд тавих ёстой. Төрийн бодлого, шийдвэр, төсөв хүний эрхэд суурилж наад захын хэрэгцээ шаардлагыг хангах чиглэгдэх ёстой.

2. Дотуур байр нь хүүхдийн бүтэн жил амьдрах орчин бөгөөд бусдаас хамааралтай, хараат байдаг. Тийм учраас тэнд эрүү шүүлт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, амь насаа алдах эрсдэл байдгийг сүүлд тохиолдсон гашуун үйл явдал харуулж байна. Иймээс асуудалд бодитой ул суурьтай хандаж, хариуцлага, хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

3. Зайнаас хичээллэх шаардлагатай тохиолдолд дотуур байрны хүүхдүүд хэрхэн суралцаж байна вэ гэдэг нь чухал. Бид технологийн давуу талыг ашиглаад үүнд хяналт тавих бүрэн боломж бий. Нэг ч хүүхэд хөгжлөөс хоцрох ёсгүй. Сургуулийн орчинд төдийгүй дотуур байранд ч тэд хөгжих ёстой.

4. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд улсаас олгодог тэтгэмжийг зарцуулж чадаж байна уу үгүй юу гэдэгт анхаарах, хүүхдийн мөнгө тухайн хүүхдэд зарцуулагддаг байх зохицуулалтыг хийх шаардлагатай байна.

5. Хүүхэдтэй ажиллаж байгаа хүнд мэдлэг, туршлага, нарийн мэдрэмж шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй ажиллах ажилтны боловсрол, хандлага чухал зүйл юм. Бид тэр хүмүүсээ сургаж, мэргэшүүлж, томилж чадаж байна уу гэдэг асуудал.

262799299_652878675891871_2400403499361683725_n.jpg

ХЭҮК-оос ирэх жил дотуур байр, асрамжийн газруудад нэгдсэн хяналт шалгалт, үнэлгээ хийхээр төлөвлөж байгаа болно.