• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

СОЁЛЫН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Соёлын яамны газар, хэлтсийн албан хаагч, ажилтнуудаас Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр тэдний хөдөлмөрлөх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хяналт, шалгалтыг хийлээ.

Энэхүү шалгалтаар төрийн албан хаагчид, ажилтнуудын ажил амралтын байр ажиллах боломж нөхцөлөөр хангагдсан эсэх, байгууллагын өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм, журам, тушаал, шийдвэрт дүн шинжилгээ хийж, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт гардаг эсэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үл тэвчих орчныг бүрдүүлэх талаарх хуульд заасан ажил олгогчийн үүргийн биелэлт, ажилтнуудаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хүний нөөцийн хөдөлгөөн, сахилгын шийтгэл оногдуулсан байдал, ажил, амралтын цаг, ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, ажилтнуудыг нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн гарал, эзэмшсэн боловсрол, үзэл бодол бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхах зэрэг асуудлуудын хүрээнд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Capture-2.PNG

Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

Уг шалгалтаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, референт Б.Нандинцэцэг, ахлах мэргэжилтэн Д.Намжилсүрэн нар ажиллав.