• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ ӨРТӨХ ЭРСДЭЛД ӨРХИЙН ОРЛОГО, ҮЛ ХАЙХРАХ БАЙДАЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА

Хүүхэд бол онцгойлон хамгаалах шаардлагатай эрх зүйн бие даасан субъект тэднийг эрхэмлэн хүндэлж, эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Манай улсад ажил хийдэг, ялангуяа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цөөнгүй байгаа боловч, тэдний эрхийг хамгаалах, хөдөлмөрөөс хөндийрүүлж нийгэмд эргэн нэгтгэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа юм.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрүүдийг үр дүнтэй хориглох, улмаар устгах, хүүхдийн хийж болох ажлыг оновчтой тодорхойлж давуу талыг нийгэмд ашигтайгаар зохицуулахын тулд юуны өмнө хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг зөв тодорхойлох, ажил хөдөлмөр хийж байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг бүрэн, цогц хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг өнгөрсөн онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн.

Судалгааны хүрээнд авсан цахим асуулгад ажил, хөдөлмөр эрхэлдэг болон эрхэлдэггүй нийт 1,191 хүүхэд оролцсон бөгөөд, үүнээс тогтмол гэрийн ажил хийдэг гэж 672 хүүхэд хариулсны 59 хувь нь өмнө дурдсан насандаа тохирсон цагаар гэрийн ажил, өрхийн үйлдвэрлэлд оролцож байгаа бол үлдсэн 41 хувь нь зөвшөөрсөн хэмжээнээс илүүдэн давсан олон цагийг гэрийн ажилд зарцуулж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдсан гэж хариулсан байна.

Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл хөдөлмөрт өртөх эрсдэлтэй хүүхдүүд үндсэндээ ядуу амьдралтай айлын хүүхдүүд байх бөгөөд ядуурлаас шалтгаалсан архидалт, салалт, орон гэргүй тэнүүчлэл зэргээс шалтгаалж хөдөлмөр эрхлэх нь нийтлэг байна.

Түвшинжаргал.PNG

Орон нутагт хүүхдээр ажил хийлгэж огт болохгүй гэсэн хэт өрөөсгөл үзэл, хандлагаас болж ажил олгогч, хүүхэд, эцэг эхийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тохиолдол ч гарсаар байна. Иймд хүүхдийн хөдөлмөрийн аюултай хэлбэрийг хориглох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тодорхой болгож нийгэмд хүртээмжтэй, үр дүнтэй арга замаар тайлбарлан таниулах нь зүйтэй. Хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын хэлбэрүүдийг зохимжтой байдлаар тодорхойлох нь ч энэ ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ. Хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлэх нь ирээдүйд илүү сайхан амьдрах боломжийг нь хязгаарлаж, сурлагаар хоцрогдох, нийгмийн амьдралаас тусгаарлагдах эрсдэлтэй тул зөвхөн ажиллах чиг баримжаа олгох зорилгоор хүүхдийг ажиллуулах нь зүйтэй гэдгийг судлаач Г.Түвшинжаргал хэллээ.

Ялангуяа хурдан морь унаач хүүхдийн хийж байгаа ажил, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн хөдөлмөрийн аюултай, цаашилбал тэвчишгүй хэлбэрийг ч агуулж байгаа бөгөөд долоон нас хүрсэн хүүхэд хурдан морь унах боломжтой байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж байгаа эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна. Иймд хурдан морь унаач хүүхдийн асуудлаар сонирхогч талууд зөвшилцөн нэгдсэн байр суурьд хүрч, тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна.

Capture-3.PNG

4.PNG

Мөн хэт олон цагаар эсвэл олон өдрөөр ажиллах, ажлын байранд хийх ажил болон гүйцэтгэх нөхцөл тодорхойгүй байх, цалингүй эсвэл бага цалинтай ажиллах, цалингаа үндэслэлгүй хасуулах, цалин хөлсөө эцэг, эх, асран хамгаалагч болон зуучлагч зэрэг бусад этгээдэд суутгуулах эсвэл шууд өгөх, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй байх, боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг боолчлолын шинжтэй нөхцөлүүд хүүхдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарах нь элбэг байна.

Хэдийгээр маш нийтлэг гэж үзэхээргүй боловч охид садар самуун, биеэ үнэлэлтэд уруу татагдах, бэлгийн мөлжлөгөд өртөх, эрт жирэмслэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь хангагдахгүй байх, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэрэгт хохирох тохиолдол цөөнгүй, хөвгүүдийн хувьд архидалт, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, яллагдах, шийтгүүлэх, ажил, хөдөлмөр хийх явцдаа гэмтэж бэртэх, хүнд гэмтэл авах, хүнд, хортой нөхцөлд ажиллаж эрүүл мэнд, ёс суртахуунаараа хохирох нь тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгах үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зайлгүй шаардлагатай байгаа юм.