УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ын 2024 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ
2023-06-28 Хэвлэх 286УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 06 сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн төслийн танилцуулгыг Комиссын дарга Ж.Хунан танилцуулах үеэрээ Комисс үүсгэн байгуулагдсанаасаа хойш 22 жилийн хугацаанд өөрийн байргүй үйл ажиллагаа явуулж байгааг онцлоод өнгөрсөн 2022 онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эдийн засаг хөгжлийн яам Засгийн газрын XI байранд байрлах болсон. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс тус байрнаас XII дугаар байр руу шилжсэн.
Засгийн газраас Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчмын 30 жилийн ой, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний хөтөлбөр батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын байр болон Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв барих зориулалтаар 2645 м2 газар эзэмших эрхийг Комисст шилжүүлэн олгосон.
Комисс ирэх оны төсвөө 15 тэрбум 95 сая төгрөгөөр төлөвлөн, урсгал зардалд 7 тэрбум 95 сая төгрөг байхаар, Хүний эрхийн Үндэсний Комиссын байр болон Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардалд 7 тэрбум 840 сая төгрөг, ТЭЗҮ боловсруулахад 160 сая төгрөг, нийт 8 тэрбум төгрөг байхаар тооцсон болохыг танилцуулав.
Төсвийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ХЭҮК-оос хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлд хийж буй ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд ХЭҮК-ын хараат бус байдлыг хангахад хууль эрх зүйн орчноос гадна материаллаг баазаар хангах шаардлагатайг онцлон төсвийн төсөлд тусгасан төсвийн санал нь Хүний эрхийн Үндэсний Комиссын байр болон Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв барих зардлын хэдэн хувийг эзлэж байгааг тодруулан асуулаа.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан 2024 оны төсвийн төсөлд тусгасан 8 тэрбум төгрөг нь барилга байгууламж барихад шаардлагатай үндсэн зардал гэдэг хариулт өгөв.
Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.