Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймаг дахь төрийн болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллалаа.
Энэ хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийг хориглох заалтын хэрэгжилтийг шалгах зорилгоор хяналт, шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар
· Компанийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам, эрх зүйн актууд
· Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууьд заасан нөхцөлийн дагуу хийсэн эсэх
· Байгууллагын ил тод байдал, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг, ээлжин амралт, цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал олгож буй тушаал шийдвэр, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрх болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртдөг эсэх
· Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуульд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн ажлын байраар хангасан эсэх, албан хаагчдын хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг эсэх зэргийг шалгаж, дүн шинжилгээ хийж байна.
Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Улмаар хяналт шалгалтын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэх юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт С.Энхзаяа, С.Мөнх-Эрдэнэ, Орхон аймаг дахь референт Ц.Батзаяа нар ажиллалаа.