Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хяналт шалгалт хийлээ
2023-11-18 Хэвлэх 691Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 эх заалтад “Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад “хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх”, 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь заалтад “байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дангаар... шалгалт хийх”, 29 дүгээр зүйлийн 29.6.4 дэх заалтад “Комиссын гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулна” гэж заасан.
Энэ хүрээнд Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хүрэлцээтэй, чанартай, нийцтэй байдлаар түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлж буй байдал, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчим, хэм хэмжээг баримталж буй эсэхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан болон иргэдэд ялгаварлалгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн эсэх,
-Үйлчлүүлэгчдэд аюулгүй, тав тухтай, түргэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ авах орчин нөхцөл бүрдүүлсэн эсэх
-Иргэдэд хүргэж буй мэдээллийг үйлчлүүлэгчийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн ойлгомжтой хэлбэрээр хүргэдэг эсэх, иргэдэд мэдээллийг бүхий л боломжит арга хэлбэр, хэрэгслээр түгээж буй эсэх
-Мэргэжлийн боловсон хүчин бүрэн хангагдсан эсэх, цалин, хөлс, ажиллах орчин нөхцөл бүрдсэн байдал
-Ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй эсэх, үүнд хүний эрхийн агуулга багтсан эсэх
-Тогтолцооны доголдол, үйлчилгээнгий хүртээмжгүй байдал, ажил үүргийн оновчгүй хуваарилалт байгаа эсэх
-Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, хүний эрхийн мэдрэмжтэй эсэх, үйлчилгээний чанар, ажлын хариуцлагыг сайжруулах хүрээнд иргэдээс санал, хүсэлт хүлээн авч шийдвэрлэдэг эсэх
-Халамжийн үйлчилгээг зохицуулж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах байдал зэрэгт дүн шинжилгээ хийж байна.
"Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Улмаар хяналт шалгалтын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэх юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Комиссын Орхон аймаг дахь референт Ц.Батзаяа, Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Наранжаргал нар ажиллалаа.