ХЭҮК-ын ахмад ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТӨРИЙН ДЭЭД ОДОН ГАРДУУЛЛАА
2024-02-13 Хэвлэх 314XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын ахмад ажилтан Г.Даваанямд “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон, Д.Ганболдод “Алтан гадас” одон хүртээлээ.
Шагналыг Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Комиссын дарга Д.Сүнжид албан хаагчдын өмнө гардуулах үеэрээ салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлсэн юм.
Ахмад ажилтан Г.Давааням нь МАХН-ын Төв хорооны Засгийн газрын Авто бааз, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт тус тус жолоочоор ажилласан. Улмаар Хүний эрхийн Үндэсний Комисст 2012-2017 он хүртэл жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Тэрбээр улсад 37 жил, үүнээс төрийн албанд 35 жил тасралтгүй ажиллахдаа өөрийн хөдөлмөр, туршлага, мэдлэг чадвараа дайчлан, эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллахын зэрэгцээ залуу үедээ ажил хэрэгч зан чанар, харилцааны соёлтой байдлаараа үлгэр дуурайлал үзүүлж ирсэн ахмад ажилтан юм.
Түүний хөдөлмөр, бүтээл, мэдлэг чадвар, туршлагыг төр засгаас өндрөөр үнэлэн 2002 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан байна.
Ахмад ажилтан Д.Ганболд нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны 3 дугаар газарт ажилтан, Дэвшил сангийн аж ахуйд жолоочоор тус тус ажилласан. Улмаар Хүний эрхийн Үндэсний Комисст жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Тэрбээр улсад 29 жил, үүнээс төрийн албанд 19 жил тасралтгүй ажиллахдаа хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд өөрийн хөдөлмөр, зүтгэлээр биечлэн оролцож, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачилгатай, хариуцлагатай ажиллаж ирсэн манай ахмад ажилтнуудын нэг юм.
Түүний хөдөлмөр бүтээл, мэдлэг чадвар, туршлагыг төр засгаас өндрөөр үнэлэн 2004 онд Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 5 жилийн ойгоор Зам тээврийн салбарын шагнал “Осолгүй манлай”, 2009 онд 10 жилийн ойгоор “Онц тээвэрчин” тэмдгээр тус тус шагнасан.