Комисс хүний эрхийн зөрчилтэй хуулиудыг шинэчилж, шинжлэх ухаанчаар хандах байр сууриа илэрхийллээ
2024-04-20 Хэвлэх 213Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд “Хуульчдын форум-2024” арга хэмжээнд оролцож, хүний эрхэд суурилсан хууль тогтоомж боловсруулах, хүний эрхийг хамгаалах тогтолцооны шинэтгэл, тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо
Монголын Хуульчдын холбооноос тав дахь жилдээ зохион байгуулагдсан форум нь “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвийн дор үндэсний эрх зүйн тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг салбар эрх зүй тус бүрээр буюу захиргааны эрх, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүйн асуудал, шинэчлэлийг хөндөн хэлэлцэв.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үечлэлийг авч үзвэл, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах чиглэлийн заалт тусах, заалт тус бүр дээр иргэдийн саналыг авах чиглэлийн зохицуулалтын төр хийж байгаа боловч дорвитой үр дүн гарахгүй байна.
Тиймээс захиргаа, эрүү, иргэний эрх зүйн хууль тогтоомжийн хийдэл, давхцалаас улбаалсан хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд хүний эрхийн зөрчилтэй хуулиудыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, уялдуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, улмаар төрийн албан хаагчид хууль, стандартын хэрэглээний ойлголтоо нэгтгэж, нэг мөр хэрэглэх шаардлагатайг Комисс цохон тэмдэглэлээ.
Тус форум нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг өсгөх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд хуульчдаас гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гарган хууль санаачлагчид, хуулийн төсөл боловсруулагчдад, хууль хэрэгжүүлэгч нарт хүргүүлэх юм.