ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "МС" Тереза ахмад настны асрамжийн төвийн орчны аюулгүй байдал, ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах , хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгаж, тус төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож, ажиллалаа.
Тус төв нь 2011 онд байгуулагдсан. Асрах халамжлах хүнгүй, албан ёсны бүртгэлгүй, нэн ядуу амьдралтай, орон гэргүй иргэдийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн 06 хороо болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус бүр нь 30 ортой хоёр төвд асрамж, тусламжийн үйл ажиллагаа явуулж байна.
Хяналт шалгалтын үеэр "МС" Тереза ахмад настны асрамжийн төвийн менежер Б.Урантуул “Тереза эхийн тусламжийн байгууллага нь дэлхийн 134 оронд үйл ажиллагаа явуулдаг. Бусад улсад үйл ажиллагаа явуулж байгаа төвүүдэд сайн дурын ажилтан ажилладаг тул ажилтны цалингийн төсөв гэж байдаггүй. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвд ажилтны цалинг төсөвлөж олгодог. Улсын төсвөөс ямар нэгэн санхүүжилт, татаас авдаггүй. Сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, эмч зэрэг мэргэжлийн боловсон хүчний орон тоонд ажилтан авч ажиллуулах шаардлагатай. Гэвч цалин хөлс бага тул ажил ажиллах боловсрон хүчин олдохгүй байна. Түүнчлэн өндөр настай хэвтрийн, хүнд өвчтэй хүмүүстэй ажиллах, асрах ажилд ажиллах хүн олдохгүй тэр бүр олддоггүй, бас цалинг нь голдог” гэдгийг танилцууллаа.
Тус асрамжийн төв нь төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын магадлан итгэмжлэлд орж ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж, Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль тогтоомж, холбогдох стандартыг мөрдөн ажиллаж байна.
ХЭҮК нь дээрх хяналт шалгалтын үр дүнг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авах бөгөөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлэх болно.