Төв аймгийн хуулийн байгууллагын алба хаагчдад нэгдсэн сургалт зохион байгууллаа
2024-05-27 Хэвлэх 273Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хүний эрхийн боловсролыг дэмжих зорилгоор Төв аймгийн Прокурорын газраас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх ба эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт Комиссын төлөөлөл оролцлоо.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн доктор Б.Энхболд Шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ талаар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан референт Н.Нарангэрэл Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдалд хийсэн дүн шинжилгээ, урьдчилан сэргийлэх асуудал сэдвийн хүрээнд сургалт явуулсан юм.
Тус сургалтад Прокурор, Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 417 дугаар нээлттэй хорих анги, аймгийн онцгой байдлын хэлтэс, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт 170 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтын дараагаар Прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудын хамт Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байрны орчин нөхцөл, шинээр баригдаж байгаа цагдан хорих байрны явц байдалтай танилцаж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо. Одоогоор хуучин Цагдан хорих байрны зоорийн давхрыг агуулах, аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд цаашид энэ зориулалтаар ашиглах талаар Комиссын гишүүн Б.Энхболд үүрэг, чиглэл өглөө.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, цагдан хорих байрыг энэ оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.