УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл өглөө
2024-06-06 Хэвлэх 916Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, тогтмол явагддаг сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй болохыг Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т “төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих” гэж заасан чиг үүрэг заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгох эрхийг хангах хүрээнд сонгуулийн санал авах байр тэдгээр иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн эсэхэд мониторинг хийсэн.
Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Б.Болорзул нар мэдээлэл өглөө.
МОНИТОРИНГ ХИЙХ ЯВЦАД УИХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕЭР ДАРААХ НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ ГАРСАН
- СОНГОХ ЭРХ:
Сонгуулийн тухай хуулийн 23.5, 68.2.10 дахь заалтуудад тусгасны дагуу сонгуулийн ажиглагч нь нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлт, тэмдэглэлтэй танилцах эрхтэй боловч гэрэл зураг авах, хуулбарлан олшруулахыг 23.6 дахь заалтаар хориглосон байдаг. Иймд ажиглагчийн нэрийн жагсаалттай танилцах, баримтжуулах эрх нь хязгаарлагдмал хүрээнд хэрэгжсэн.
- Нийт 14 хэсгийн хороо нээлтийн хэсэгт нийт сонгогчийн тоог зарлаагүй. 203 ажиглагчаас 17 ажиглагч бүртгэлийн хэсгээс хэт хол суусны улмаас шилжих хуудас, түр хасав төлөвийг сэргээж буй эсэх талаар мэдээлэл авч чадаагүй байна.
- Мөн тухайн санал авах байранд санал өгөх ёстой боловч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй тохиолдол гарсан.
- Сонгогч хаягаа шилжүүлээгүй, хаягийн зөрчилтэй, хэсэг андуурах гэх мэт сонгогчийн буруутай үйлдлээс улбаалсан хүндрэл гарсан.
- Нэг хэсгийн хороонд хурууны хээ уншуулахад өөр хүний мэдээлэл, регистр гарсан. Уг зөрчлийг шалгаж үзэхэд, хэсгийн хорооны ажилтнууд шивэлт хийх явцдаа алдаа гаргасныг тогтоон асуудлыг шийдвэрлэсэн байна.
- Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийт 6 хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой 4 ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Мөн үүнтэй ижил нэг хаяг дээр 5 танихгүй хүн нэмж бүртгэсэн зэрэг тохиолдол 2-3 удаа гарсан байна.
- Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн хороодод хүргүүлсэн Сонгогчдын нэрийн жагсаалтад мониторингийн аргачлалын дагуу хяналт тавихад мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдол гарсан.
САНАЛ АВАХ БАЙРНЫ ОРЧИН, ХҮРТЭЭМЖ
- УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр нийт 41 хэсэгт тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй, өндөр настан зэрэг сонгогчдод зориулсан налуу зам байгаагүйн дээр хэт өндөр довжоотой, нарийн хаалгатай, барилгын Б1 давхарт эсвэл 2 давхарт байрласан байв.
- Санал авах байрны 29.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан, тэргэнцэртэй хүн суухад тохиромжтой нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгээгүй.
- Сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэн саналаа өгөх нөхцөл 51 хувьд нь хангагдаагүй байсан нь өмнөх жилүүдээс нөхцөл байдал сайжраагүй хэвээр байгааг харуулж байна. Ажиглагчдын тэмдэглэлээс үзэхэд, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан томруулдаг шил бэлтгэсэн нь нийтлэг байгаа нь сайшаалтай хэдий ч брайль үсэг бүхий хавтас байгаагүйгээс хамт яваа хүний тусламжтайгаар саналын хуудас бөглөсөн хэд хэдэн тохиолдол гарсан байна.
САНАЛЫН ХУУДАСНЫ ТООЦОО
- Саналын хуудасны тооцоог 112 хэсгийн хорооноос 93 нь ажиглагчдад ойлгомжтойгоор нээлтийн хэсэгт танилцуулсан бол зарим хэсгийн хороо энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзах буюу огт мэдээлээгүй тохиолдол гарсан. Санал хураалтын хаалтын хэсэгт 6 хэсгийн хороо саналын хуудасны тооцоог зарлаж, мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
- Зарцуулаагүй үлдсэн саналын хуудсыг хүчингүй болгож баруун доод өнцгийг хайчлах ажиллагаа 9 хэсэгт ажиглагчдын нүдэн дээр явагдаагүй бөгөөд тодруулж асуухад нь хариулаагүй, бусад хэсгийн хорооны дүнг харсны дараа энэ үйлдэл хийгдэнэ, бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөх ёстой гэх мэтээр хуульд нийцээгүй тайлбар хийжээ. Зарим хэсэгт ажиглагчид шаардлага тавьж байж энэ үйлдлийг хийлгэсэн тохиолдол гарсан.
САНАЛ АВАХ ҮЙЛ ЯВЦ, САНАЛЫН НУУЦЛАЛ
- Нийт хэсгийн 26.1 хувьд нь саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн. Тодруулбал, 203 ажиглагчаас 87 нь саналын хуудсыг уншуулахдаа зориулалтын хавтсанд хийгээгүй, сонгогч саналын нууцлалаа хадгалахад хайхрамжгүй хандсан. Мөн зарим ахмад настай иргэд саналын хуудсаа яаж уншуулахаа мэдэхгүй байснаас арын хүн саналыг нь уншуулж өгөх, бүхээгт байхдаа зургийг нь авч чатлах, сонгууль дуусах үеэр сонгогчийн бөөгнөрөл үүссэнээс тусалж байна гэх нэрийдлээр хамт орж ирсэн хүмүүстээ харуулж саналаа тэмдэглэсэн зэрэг зөрчил гарсан.
- Хэсгийн хороодын 39.4 хувьд нь хэсгийн хорооны зай талбай бага байснаас мэдээллийн технологийн даамал санал уншуулах төхөөрөмжтэй хэт ойр суух буюу саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн.
- Хөдөө орон нутагт, алслагдсан хэсгүүдэд Монгол гэр болон жижиг зай талбайтай байранд санал авах хэсгийн хороог байгуулснаас сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг хязгаарлаж, сонгох эрхийг нь зөрчих тохиолдол түгээмэл байна.
ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ
Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын эцсийн тайланг бүрэн эхээр нь авах хүсэлтийг Үндэсний Аудитын газарт гаргасан боловч нийтэд нээлттэй байлгах мэдээллийг гаргаж өгөхөөс удаа дараа татгалзаж, олон нийтийн мэдэх эрхийг зөрчсөн...” гэх гомдлыг нэр бүхий төрийн бус байгууллагаас Комисст гаргасан. Энэ дагуу шалгах ажиллагаа явуулахад хүний мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон тул Комиссын гишүүний Шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажилласан. Тиймээс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын эцсийн тайланг нээлттэй байлгахад холбогдох байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй.
2. СОНГОГДОХ ЭРХ:
Нэр дэвшигчийн баталгаа, халдашгүй байдал
- Нэр бүхий нэр дэвшигчийн нэр төрд халдаж, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тараасан тохиолдол гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн.
- Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх зэрэг Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон зөрчил гаргасныг нотлох баримтаар баримтжуулан холбогдох байгууллагад гомдол, мэдээлэл гаргахад хуулийн дагуу шийдвэрлэдэггүй, зөрчлийг таслан зогсоодоггүй эсхүл хугацаа алдаж шийдвэрлэдэг зөрчил түгээмэл гардаг.
- СЕХ-оос нэр дэвшигчийг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, түүний дагуу гомдол гаргаж, шийдвэрлүүлэхэд хугацаа алдаж сонгогчтой уулзах, сонгуулийн сурталчилгаа явуулах зэргээр хохирдог.
2020 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн нэр дэвшигчид холбогдсон зөрчлийн нийт 69 гомдол бүртгэгдсэнээс 58 гомдлыг хэрэгсэхгүй болгож, 8 зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлж, 3 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаажээ.
УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР АНХААРАХ АСУУДАЛ
Сонгогчдын нэрийн жагсаалтаас зайлшгүй шалгаж нягтлах ёстой гэж үзсэн мэдээллээ тэмдэглэж, хуулбарлаж авах боломжоор хангах нь цаашид сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гарч буй маргаан, аливаа эргэлзээг тайлж оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болно. Үүнтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
- Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолд төрийн бус байгууллагуудын эрх үүргийг илүү тодорхой тусгах. Жишээ нь: Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахаас гадна нэмэлтээр тэмдэглэл хийх, бусад тоо баримтыг (шилжилт хөдөлгөөний тоо баримтууд) сонгуулийн хэсгийн хороодоос авах эрхээр хангах талаар тусгах;
- Сонгуульд хөндлөнгийн хяналт тавих ТББ-уудыг бүртгэж авсан тогтоол шийдвэрийг аймаг, дүүргийн сонгуулийн хороодод мэдээлэх. Ингэснээр аймаг, дүүргийн хороод, цаашлаад сонгуулийн хэсгийн хороодод мэдээлэл шуурхай хүрч, хөндлөнгийн хяналт хийж буй ТББ-уудын хувьд цаг хугацаа хэмнэх, ажлаа саад бэрхшээлгүй урагшлуулах нөхцөл бүрдэнэ.
Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт:
- Burtgel.gov.mn сайтаас сонгогч өөрийн санал өгөх хэсгийн хороогоо харахаас гадна тухайн гэрийн хаяг дээр нь нийт хэдэн хүн бүртгэлтэй байгаа тоог харах боломжтой болгох;
- Сонгуулийн өдөр иргэдийн хурууны хээг төхөөрөмжийн ажиллагаанд анхаарах.
- Хурууны хээгээ бүртгэлийг нягтлах, бүртгэл давхардахаас урьдчилан сэргийлэх;
- Иргэний шилжилт хөдөлгөөн, “Түр хасав” төлөвтэй бүртгэгдсэн сонгогчдын тоо, холбогдох мэдээллийг сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж буй эрх бүхий байгууллагуудад нээлттэй мэдээлж, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангах;
- Байнгын оршин суух хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэх хуулийн шаардлагыг мөрдлөг болгож хаягийн зөрчлийг арилгах арга хэмжээ авах
Түүнчлэн сонгогдох эрхийг хязгаарласан дээрхтэй төстэй маргаан цаашид ч үүсэх магадлалтай тул дараах арга хэмжээ авах нь зүйтэйг зөвлөж байна. Үүнд:
- Нэр дэвшигчийн халдашгүй байдалтай холбоотой тусгайлсан хууль тогтоомжийн зохицуулалтыг шүүх хэрэглэх эсэх асуудлыг нэг мөр ойлгомжтой болгож хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад барьцааны дүнг хэрхэн тогтоох, түүнийг гүйцэтгэх хугацаа ямар байх нь ойлгомжгүй, үндэслэл нь тодорхойгүй байгааг анхаарч зохицуулах;
- Цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо сонгуультай холбоотой маргааныг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх тусгайлсан процессыг тодорхой хуульчлах. Тухайлбал, нэр дэвшигчээр бүртгэхгүй тухай шийдвэр гарснаас хойш түүнтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаа нь саналын хуудас хэвлэгдэн гарахаас өмнө байх шаардлагатай.
- Нийгмийн сүлжээнд гол төлөв эмэгтэй нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тарааж нэр төрийг гутаах, гүтгэх, хэл амаар доромжлох зэрэг халдашгүй байх эрхийн зөрчил түгээмэл тохиолддог.
УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЗӨРЧИЛ:
2.1 Гадаад улсад байгаа иргэд сонгох эрхээ эдлэхтэй холбоотой зөрчил: Гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
- Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургадугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Дипломат төлөөлөгчийн газруудад зохион байгуулна.
- Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхтэй холбоотой зөрчил
- Мандатын тооноос бага санал өгвөл санал хүчингүйд тооцох
- Бүртгэлгүй, хуурамч цахим хуудас ашигласантай холбоотой зөрчил
- Цахим орчинд хиймэл оюун ухаанаар нэр дэвшигчийг дуурайж, худал мэдээлэл тараах, амлалт өгөх зэрэг зөрчил
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар ийм зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Уг асуудалд Харилцаа холбооны зохиуцуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар холбогдох ажиллагаа хийж, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.
- Итгэмжилсэн иргэнтэй холбоотой зөрчил
- Санал өгөх, саналын хуудастай холбоотой зөрчил
- Сонгогчийн саналд шууд болон шууд бусаар нөлөөлөхтэй холбоотой зөрчил гарч болзошгүй тул холбогдох байгууллагууд иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангаж, ажиллахад анхаарна уу.
- Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар цахим орчин дахь сурталчилгаатай холбоотой зөрчил нийтлэг гарах эрсдэл байна.
- Тиймээс тролл, бот хаягуудаас зохион байгуулалттай сурталчилгаа явуулж буй байдалд хяналт тавих техникийн шийдлийг нийгмийн сүлжээний компаниудтай хамтран боловсруулах нь зүйтэй.
- Мөн сонгуулийн сурталчилгаа явуулахад нам, эвсэл, нэр дэвшигчдээс гадна намын дэргэдэх холбоод гэх мэт гуравдагч этгээд идэвхтэй оролцож байгаа явдалд анхаарал хандуулж цаашид гуравдагч этгээдийн зүгээс сурталчилгаа явуулахтай холбоотой харилцааг журмаар зохицуулах
- Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд төрийн байгууллагуудад хадгалагдаж буй иргэдийн хувийн өгөгдөл, мэдээллийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, хориглох шаардлагатай.