Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Самаркандын Хүний эрхийн 4 дүгээр чуулга уулзалтад оролцов
2024-06-24 Хэвлэх 308Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Узбекистан Улсын Засгийн газрын ивээл дор тус улсын Хүний эрхийн Үндэсний Төвөөс 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд зохион байгуулсан Самаркандын Хүний эрхийн IV чуулга уулзалтад оролцлоо.
Узбекистан Улсын Хүний эрхийн Үндэсний Төв 2020 оноос эхлэн Самаркандын Хүний эрхийн чуулга уулзалтыг хүний эрхийн тодорхой асуудлаар 2 жил тутам зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн экспертүүд, улстөрчид, засгийн газрын байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид чуулж, хүний эрхийн тодорхой сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, ололт амжилтыг хэлэлцдэг уламжлалтай.
Энэ удаа тус чуулга уулзалт “Хүрээлэн буй орчны сорилтууд: Өөрчлөгдөн буй ертөнц дэх хүний эрхийн ирээдүй, тогтвортой шийдлийг олох нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтын эхний өдөр зохион байгуулагч болон оролцогчдын зүгээс нээлтийн үг хэлсэн бөгөөд Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, нээлтийн үг хэллээ.
Чуулга уулзалт үндсэн хэсэг гурван сэдвийн хуралдаанаас бүрдэв. Эхний хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий дахины хандлага ба тэдгээрийн эмзэг бүлгүүдийн хүрээн дэх эдийн засаг, нийгмийн эрхэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр, 2 дахь хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хүний эрхийг хамгаалах дэлхий дахины стратеги, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын алба, гэрээний хороод, Хүний эрхийн зөвлөлийн холбогдох механизмууд болон бүс нутгийн байгууллагууд, тус бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийж, сайн туршлага харилцан солилцов.
Чуулга уулзалтын 3 дахь хуралдаан “Хүний эрхийн хүрээнд уур амьсгалын санаачилгуудыг хэрэгжүүлэхэд бизнес болон иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр өрнөв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид энэ чиглэлд Комисс, холбогдох яамд, бизнесийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны туршлага болон “Бизнесийн хүрээнд хүний эрхийг хангах үндэсний төлөвлөгөө” боловсруулж, Засгийн газраар батлуулсан туршлага, Комиссоос уур амьсгал, хүрээлэн буй орчинтой холбоотой хүний эрхийн асуудалд бизнесийн байгууллагаас үзүүлэх нөлөөллийн талаар хэрэгжүүлсэн ажил, тэр дундаа олборлох салбарт хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ (ХЭНБҮ), мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгасан Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал, Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.
Чуулга уулзалтын зэрэгцээ Комиссын дарга Д.Сүнжид Узбекистан Улсын Парламентын доод танхимын дэд дарга бөгөөд Хүний эрхийн Үндэсний Төвийн захирал, ноён Акмаль Сайдовтай албан уулзалт хийж, хоёр улсын хүний эрхийн үндэсний байгууллагуудын хороонд хамтран ажиллах чиглэлийг ярилцаж, ойрын ирээдүйд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах боломжийг тодорхойллоо.