ХЭҮК Европын Холбоотой хамтран Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа
2024-06-26 Хэвлэх 315Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Европын Холбоотой хамтран “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтад оролцож буй үндэсний зөвлөхүүд, хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, Комиссын Тамгын газрын алба хаагчид Хүний хувийн мэдээлэл хамгаалах үндэсний үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий сургалтад 2024 оны 06 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хамрагдлаа.
TAIEX хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа, Европын Холбооны Шүүхийн шүүгч, доктор, профессор Сильва Мартинес Кантон, Бүгд Найрамдах Словени Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагын зөвлөх Матей Сиронич, өмгөөллийн “ПрайсуотэрхаусКүүпэрс Легал” ХХН-ын ахлах хуульч О.Мөнхнасан нар удирдан явууллаа.
Сургалтын эхний өдөр “Шинэ технологи, хиймэл оюун ухаан, хүний эрх: Технологи ба хүний эрхийн хоорондын уялдаа холбоо, хиймэл оюун ухааны хүний эрхэд үзүүлэх нөлөө”, “Мэдээлэл олж авах, мэдээлэлд хандах эрх”, “Хувийн нууц, хүний хувийн мэдээллийг хамгаалах, технологийн хөгжил ба хүний эрхийн төлөв” сэдвээр хичээл зааж, “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтын талаар танилцууллаа.
Хоёр дахь өдөр нь “Хувийн нууц, хувийн мэдээлэл хамгаалах олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Хувийн нууц, хувийн мэдээлэл хамгаалах олон улсын эрх бүхий байгууллагуудын тогтолцоо”, “Хувийн нууц, хүний хувийн мэдээлэлд нөлөөлөх байдлын үнэлгээний үүрэг (PIAs/DPIAs)”, “Хүний эрх, технологийн сорилтыг PIAs/DPIAs-ын арга зүйд нэгтгэх”, “Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль” сэдвүүдээр сургалт хийж, салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Стратеги судалгааны хүрээлэн, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны Зохицуулах Хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Эмнести Интернэшнл болон мэдээллийн аюулгүй байдлын аудит, өмгөөлөл, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болох 40 албан хаагч хамрагдав.
Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй Европын Холбоо, хатагтай Сильва Мартинес Кантон, ноён Матей Сиронич нартаа талархал илэрхийлье.