ХЭҮК: Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөвөрлөх, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөхгүй байхыг зөвлөж байна
2024-06-27 Хэвлэх 259Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс долоо хоног бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдахтай холбогдуулан сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, хүний эрхийн анхаарал татсан асуудлаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар өнөөдөр /2024.06.27/мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц цохон тэмдэглээд тухайн хүний регистрийн дугаараар нь нэр дэвшигчдийн хэнд санал өгснийг мэдэх боломжтой гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс иргэд та бүхэн УИХ-ын ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа чөлөөтэй, нууцаар өгөх эрхээ бүрэн эдлээрэй гэдгийг уриаллаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах чиглэлд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн, өмнөх сонгуулиудаар гарч байсан зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, иргэдийн сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, уул, уурхай, эрдэс баялгийн болон ачаа тээвэрлэлтийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл, мэдээлэл, олон улсын байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалтуудыг зохион байгуулж, зөвлөмж өгч, сонгогчдын эрхийг хангах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсан.
Мөн Улс төрийн 22 намын төлөөлөлтэй 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгуулийн мөрөө хөтөлбөрөө боловсруулахдаа хүний эрхийн асуудалд анхаарахыг зөвлөсөн. Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын тойм мэдээллийг бэлтгэн бүх намуудад бичгээр хүргүүлж, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, сонгогч, төрийн болон төрийн бус байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан уриалга, зөвлөмж гаргаж, сонгогчдод хандсан сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулсныг цохон тэмдэглэв.
Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон даяар зохион байгуулахтай холбогдуулан сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлэхэд Комисс анхаарал хандуулан ажиллаж байна гэлээ.
ХЭҮК-оос 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа, санал авах байр орчин нөхцөлд нийслэлийн 9 дүүрэг, 20 аймаг түүврийн аргаар сонгон мониторинг хийж байна. Энэ хүрээнд эрх нь хязгаарлагдсан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461, Баривчлах байр, Баривчлах төв, аймгийн төв дэх баривчлах байруудад ажиллаж байна гээд Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дараах зөрчил, дутагдлууд гарсныг холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэлд дурдсан талаарх мэдээллийг тоймлон хүргэлээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Үргэлжлүүлэн Комисс 2012, 2016, 2020 оны Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийсэн талаар танилцууллаа.
Тэрээр тус мониторингийн явц, үр дүнгээс үзэхэд, зарим санал авах, ухуулах байр тэргэнцэртэй иргэн саадгүй нэвтрэхэд хүндрэлтэй буюу байрны орц, гарц, налуу зам стандартад нийцээгүй огцом шаттай, налуу зам болон бусад зай талбайн хүртээмжгүй байдлаас тэргэнцэртэй иргэн орох боломжгүй байсан. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд ялангуяа сул хараатай иргэдэд зориулан гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, мэдээллийн самбарын үсгийн фонтыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байрлуулах, түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан харилцах самбар байршуулж, түүнд түгээмэл хэрэглэх үг, яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслэн үзүүлэх боломжтой байхаар зохион байгуулах нь чухал байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1,341 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаарх мэдээллүүд байна.
Иймд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд болон түүний сонгууль эрхэлсэн байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч дараах санамжийг хүргүүлж байна гэлээ.
Тус зөвлөмжид
- Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх
- Эмэгтэй улстөрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандах
- Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөх, хүний үзэл бодлыг үл хүндэтгэх
- Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт өгөх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх
- Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент түгээхгүй байх. Үүнд технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх
- Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтой байдлаар бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх
- Хүний хувийн мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглахгүй байх
- Төгсөлтийн, ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архи, согтууруулах ундааг хэрэглүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад онцгой анхаарах
- Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх
- Ард түмнийг талцуулах, хуваагдал үүсгэх, үндэсний эв нэгдлийг бусниулах зэргээр хэт улс төржихгүй байх, үзэл бодол, бодлогын хувьд шударга ёсны зарчмыг баримтлахыг хүсье гэв.
Үргэлжлүүлэн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрээр “Иргэн Б.Ганхуягийн захидлыг ХЭҮК задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ боломжгүй зүйл. Учир нь Цагдан хоригдож байсан иргэн Б.Ганхуягаас ХЭҮК-т 2023 онд нийт таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн. Хамгийн анх 2023 оны есдүгээр сарын 14-нд манайд хандсан. Олон нийтэд цацагдаад байгаа тэрхүү мэдээлэл нь 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийнх. Манайд маргааш өдөр нь буюу 2023 оны есдүгээр сарын 14-нд уг захидал нь хорих ангиас цахимаар ирж, цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн. ХЭҮК-ын зүгээс гомдол гаргаж байгаа хүний хувийн мэдээллийг задруулах боломжгүй гэлээ.