Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны алба хаагчдад нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024-07-04 Хэвлэх 413Хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дэмжих зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссоос Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албатай хамтран “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдэвт сургалт хэлэлцүүлэг, Шударгаар шүүлгэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудлын талаар “Удирдах бүрэлдэхүүн”-ний хэлэлцүүлэг арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүний үзэл баримтлал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хангах асуудал, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал гэсэн хэдэд хэдэн асуудлыг хөндсөн юм.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн доктор Б.Энхболд: Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангахын ач холбогдол, үр дагаврыг онцлон дурдаад, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өмгөөлөгч томилж оролцуулах журам, баривчлах ажиллагааны үед сэжигтний эрхийг мэдэгдэх, шөнийн цагаас бусад цагт шүүх тасралтгүй ажиллах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүний үзэл баримтлалыг тайлбарлаж, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан: Хүүхэд хохирсон, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд хохирсон хэргийн нөхцөл байдал, Комиссоос хүүхдийн эрхийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хүүхэд оролцсон, хохирсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад хүүхдийн дээд ашиг, сонирхлыг хангаж, хамгаалах, хүүхдэд ээлтэй байх, дэмжин туслах, хүүхэд хохирсон гэмт хэргийн талаар хүүхдээс олон дахин мэдүүлэг тайлбар авахгүй байх, мөрдөгчийг аль болох солихгүй мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж байх, бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн хэрэгт ижил хүйсийн мөрдөгч ажиллуулах, мэргэжлийн дохионы хэлмэрч, орчуулагч оролцуулж хүүхэд бүрд зохих тусламж үйлчилгээг үзүүлж, анхаарал хандуулж ажиллах талаар алба хаагчдад зөвлөлөө.
ХЭҮК-ын референт Н.Нарангэрэл: Комисст ирүүлж байгаа Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хүний нэр төрийг доромжлон харьцахтай холбоотой гомдол мэдээлэл, шийдвэрлэлт, 2016-2023 оны хооронд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү шүүлт тулгах 13 гэмт хэргийн 36 шийтгэх тогтоолд дүн шинжилгээ хийсэн үр дүнг танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өглөө.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сэжигтнийг баривчлах ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шүүхийн тасралтгүй үйл ажиллагаа, жижүүрийн прокурор ажиллах журам, томилолтын өмгөөлөгч, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, үе тэнгийн хүүхдүүдийн хоорондох бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал хүсэлтээ илэрхийлж байсан юм.
Тус сургалт, хэлэлцүүлэгт Мөрдөн байцаах албаны төв, орон нутгийн мөрдөн байцаах тасаг, хэсгийн 400 орчим алба хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.
Ташрамд дурдахад, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах хүрээнд шүүх, прокурор, мөрдөн шалгах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 1000 орчим алба хаагчдын дунд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.