Бизнесийн үйл ажиллагаанаас улбаалж хохирсон гэх асуудалд дүгнэлт гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүйг иргэн Б.Энхцэцэгт танилцууллаа
2024-07-08 Хэвлэх 418ХЭҮК нь төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага.
Гэвч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах эрхгүй.
Хэдийгээр хуульд заасанчлан Комисс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцох эрхгүй, түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанаас улбаалж хохирсон гэх асуудалд дүгнэлт гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй ч гэлээ Төрийн ордны баруун хаалганы дэргэд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн суулт зарлаад буй “Финансхолдинг” ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авах зэргээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Тухайлбал, 2022, 2023, 2024 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт удаа дараа хандаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ хүрээнд Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт Д.Мөнхтуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний экспорт, импорт, тарифын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Уянга нар иргэн Б.Энхцэцэгт тулгамдсан асуудалд дэмжлэг үзүүлэх чиглэлээр удаа дараагийн уулзалт хийлээ.
Дээрх уулзалтуудаар тус яамны холбогдох албан тушаалтанд уламжлах, хууль зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг Монголын Хуульчдын холбоонд уламжилж өгөхөөр тогтсоны дагуу өмгөөлөгч томилох асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн бичгийн хүрээнд хүүхдийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хандсан зэргийг биелэн танилцууллаа.