Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Гэмт, хэрэг зөрчилд холбогдох мэдээллийн сангууд дахь хүний хувийн мэдээлэл хамгаалал” сэдэвт мониторингийг дараах Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэх судлаачийг сонгон шалгаруулах тул судлаачдыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон судлаачид доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн 17.30 цагаас өмнө l.boldkhuu@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар явуулна уу.
-Уг мониторингийн ажлыг гүйцэтгэхээ илэрхийлсэн хүсэлт;
-Өөрийн боловсролын байдал, зэрэг болон ажилласан туршлагаа илтгэсэн CV;
-Өмнө нь гүйцэтгэж байсан судалгааны ажлын тойм.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99094440 утсаар холбогдон авна уу.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР
ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙН САНГУУД
ДАХЬ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАЛ
Нэг. Мониторингийн үндэслэл, зорилго
1.1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад “шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” гэж заасныг үндэслэн Комиссоос 2024, 2025 онд явуулж буй “Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд энэхүү мониторингийг явуулна.
1.2. Мониторингийн ажил нь Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.1.10 дахь заалтад заасны дагуу хөтлөгдөж буй эрэн сурвалжлагдаж байгаа болон ял шийтгүүлсэн иргэдийн талаарх мэдээллийн сан (цаашид мэдээллийн сангууд гэх)-ийн бүрдүүлэлт, үйл ажиллагаа нь халдашгүй, чөлөөтэй байх эрхийн зарчим, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн эсэхийг дүгнэж, эрх зүйн зохицуулалт, практикийг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, санал боловсруулах зорилготой.
Хоёр. Хянан тогтоох асуудлууд, мониторингийн аргачлал
2.1. Судлаач дараах асуудлыг тогтооно. Үүнд:
2.1.1. Мэдээллийн сангуудын эрх зүйн зохицуулалт хүний эрхийн зарчимд нийцсэн, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангалттай төвшинд хамгаалсан, тодорхой эсэх, бусад хууль тогтоомжтой уялдсан байдал;
2.1.2. Мэдээллийн сангуудын бүрдүүлэлт (мэдээллийг шинээр үүсгэх, шинэчлэх, устгах журам, үйл ажиллагаа), ашиглалт (уг мэдээллийг ямар зорилгоор ашигладаг, хандалтын эрх, хяналт), боловсруулалт нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэх;
2.1.3. Мэдээллийн сангуудын аюулгүй байдлыг хангах, хамгаалах арга хэмжээ;
2.1.4. Мэдээллийн сангуудын үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол хүсэлт, тэдгээрийн мөрөөр авсан арга хэмжээ;
2.1.5. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, үйл ажиллагааны улмаас хүний эрх, эрх чөлөө шууд болон шууд бусаар зөрчигдөх эрсдэл;
2.1.6. Мэдээллийн сангуудтай холбоотой бодлого, эрх зүйн зохицуулалт.
2.2. Мониторингийг дараах аргачлалаар явуулна. Үүнд:
2.2.1. Мэдээллийн сангуудтай үйл ажиллагаатай биечлэн танилцах;
2.2.2. Холбогдох асуудлаарх хоёрдогч эх сурвалжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
2.2.3. Эрх бүхий албан тушаалтантай ярилцлага хийх;
2.2.4. Олон нийтээс мэдээлэл, баримт гаргуулах.
2.3. Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг цагдаагийн байгууллагаас гаргуулахад Хамтран ажиллах тухай санамж бичгийг үндэслэн Комисс дэмжлэг үзүүлнэ.
Гурав. Мониторингийн үр дүн, зохион байгуулалт
3.1. Судлаач нь мониторингийн явц, урьдчилсан үр дүнгийн талаар Комисст ажил эхэлснээс хойш 1,5 сарын дараа уулзалт зохион байгуулж тайлагнана. Бусад үед Комиссын хариуцсан ажилтантай байнгын харилцаа холбоотой байж, мэдээлэл солилцож ажиллана.
3.2. Гэрээнд заасан хугацаанд энэ ажлын даалгаврын Хоёрт тусгасан асуудлуудыг бүрэн дүгнэсэн, агуулга, хэлбэрийн хувьд мэргэжлийн шаардлага хангасан дүгнэлт, санал бүхий тайланг Комисст хүлээлгэн өгнө.
3.3. Шаардлагатай гэж үзвэл мониторингийн урьдчилсан үр дүн, санал, дүгнэлтийн төсөлд санал авах уулзалтыг зохион байгуулж, тайланд тусгана.
3.4. Мониторингийн тайланг бусад нэмэлт материалын хамт захиалагчид хүлээлгэн өгч, гэрээний хэрэгжилтийг Комисс дүгнэснээр ажлыг дуусгавар болсонд тооцно.
3.5. Мониторингийн ажлын явцад гүйцэтгэх шаардлагатай болсон бусад ажил, үйл ажиллагааг Комисстой зөвшилцөн явуулж болно.
Дөрөв. Мониторингийг гүйцэтгэх хугацаа, төсөв
4.1. Ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэх ба төсөв нь 5,000,000.00 (Таван сая) төгрөг байна.
Тав. Судлаачид тавигдах шаардлага
5.1. Судлаач дараах шаардлагыг хангасан байна:
5.1.1. Нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; Эрх зүйч, магистр түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байвал давуу талтай гэж тооцогдоно.
5.1.2. Судалгааны ажил явуулах ур чадвар, туршлагатай байх; Холбогдох чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байсан нь давуу тал болно.
5.1.3. Баримт бичиг боловсруулах, тайлагнах, амаар болон бичгээр илтгэх, холбогдох хэрэглээний программыг ашиглах, багаар ажиллах чадвартай байх.
------------оОо------------