ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Соёл урлагийн их сургуульд 2023 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Дээрх хяналт шалгалт нь тус сургуулийн оюутан, суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хийгдэж буй ажил юм.
Шалгалтын хүрээнд:
-Сургалтын зохион байгуулалт, ёс зүйн хэм хэмжээ, өргөдөл гомдол шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журам зэрэг дотоод үйл ажиллагааг зохицуулж буй сургуулийн дотоод хэм хэмжээ, дүрэм журамд дүн шинжилгээ хийх;
-Дээд боловсролын тухай хуульд заасан сургалтын байгууллага, багш, суралцагчийн эрх, үүргийн хэрэгжилт;
-Суралцагчтай байгуулсан суралцах гэрээний нөхцөл, түүний хэрэгжилт;
-Суралцагчдаас сургуулийн удирдлага болон ёс зүйн зөвлөлд гаргасан гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байдал;
-Суралцагчид сургуулийн орчинд, танхимын болон танхимын бус сургалт, боловсрол, дадлага олгох харилцааны явцад бусдаас нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн гарал, хүний хийж дадсан зуршил болон бусад хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртдөг эсэх;
-Сургуулийн оюутны холбоо, оюутны хөгжил, үйлчилгээний газрын оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа, сургуулийн бүтцийн нэгжээс суралцагчдаас санал асуулга авах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаг эсэх;
-Суралцагчдад зориулсан хүний эрхийн сургалт, нөлөөллийн арга хэмжээ, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ;
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийгдсэн эсэх, тайлан, мэдээлэл зэргийг нягтлаж, баримтжуулна.
Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
Улмаар хяналт шалгалтын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэх юм.
Ажлын хэсэгт Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн Хяналт шалгалт хариуцсан референт Д.Ариунбилэг, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн референт Д.Намжилсүрэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Одбаяр, Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Наранжаргал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс нар ажиллалаа.