ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА
1991 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зохион байгуулсан шинжээчдийн зөвлөгөөнөөс “Хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд’’ батлагдсан. Парисын зарчмууд нэршлээр түгсэн энэ баримт бичгийг хожим нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993/48/134 тогтоолоор батламжилжээ. “Парисын зарчмууд”-аар хүний эрхийг хангах, түүнийг сахин хамгаалах үндэсний байгууллагуудын бүрэн эрх, үйл ажиллагаа, эрх зүйн байдлын талаарх наад захын хэм хэмжээг тогтоосон. 1993 онд Вена хотноо зохион байгуулагдсан Хүний эрхийн дэлхийн бага хурлаар олон улсын гэрээ, конвенцод заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий хүний эрхийн үндэсний байгууллагыг Парисын зарчмуудад нийцүүлэн байгуулахыг гишүүн улс орнууддаа уриалсан билээ. Хүний эрхийн үндэсний байгууллага нь хараат бус, өргөн хүрээтэй бүрэн эрх олгогдсон, байнгын ажиллагаатай, олон ургальч төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй, олон нийтэд ойр дөт, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн чадавхтай байх ёстой. Хуулийг дээдлэх, хараат бус, бие даасан байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг тууштай хамгаалах, ил тод, шударга ажиллах нь хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааны зарчим юм. Эдгээр үзүүлэлтүүдээр нь хүний эрхийн үндэсний байгууллагын үр нөлөөг хэмждэг.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Улсын Их Хурлаас 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Комиссын анхны гишүүдийг томилсноор Парисын зарчимд нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд 2003, 2008, 2014, 2021 онуудад “А” статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн юм. Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталснаар Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, дарга, гишүүний бүрэн эрх, зохион байгуулалт, хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шийдвэрлэх ажиллагаа болон хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндэсний механизмыг байгуулсан зэрэг томоохон өөрчлөлтийг хийсэн.
КОМИССЫН БЭЛГЭДЭЛ
Хүний эрхийн Үндэсний Комиссын онцлох тэмдэг нь дээшээ доошоо гараа өргөөд зөрсөн хоёр хүний дүрсэн хэлхээ юм. Уг дүрслэлийн утга санаа нь “Эх дэлхийн хүн нь дээр доор, баян ядуу, эр эм, хүүхэд, өтгөс ялгалгүй хүний эдлэх ёстой эрхийг тэгш төгөлдөр эдлэнэ” гэсэн санааг илэрхийлдэг. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА, ГИШҮҮД Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь долоон гишүүнээс бүрдэх бөгөөд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улсын гучин таван насанд хүрсэн иргэн 6 жилийн хугацаатайгаар томилогддог. Комиссын гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн Комиссын гишүүнийг томилсноор дуусгавар болно. Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооноос Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, парламентад суудал бүхий намуудын өргөн төлөөлөлтэй Ажлын хэсэг байгуулдаг. Ажлын хэсэг нь Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, Комиссын гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсголыг явуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Комиссын гишүүнийг томилох эсэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг. Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно. Комиссын даргын түр эзгүйд Комиссын бүрэлдэхүүнд хамгийн удаан жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн зэрэг хангаж байгаа бол тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
Комисс нь үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүртээмжтэй байх, шударга, ил тод байх, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталдаг.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах, хөгжих нийгмийг цогцлоон бүтээхэд манлайлагч байна.
КОМИССЫН ЧИГ ҮҮРЭГ
Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;
- Хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;
- Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;
- Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
- Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх;
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
- Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах
- Шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илтгэл боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлэх;
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илтгэл боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлэх;
- Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлэх.
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛ
Комиссын хуралдааныг сар тутам хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд Комиссын дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулдаг. Хуралдааныг Комиссын дарга удирдан явуулах Комиссын даргын эзгүйд түүнийг орлож байгаа гишүүн хуралдааныг даргална. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд:
- Комиссын Тамгын газрын дүрмийг баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоох;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн бүтэц, агуулга, илтгэлээр өгөх санал, зөвлөмжийг хэлэлцэж, шийдвэрлэх;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх санал, зөвлөмжийг хэлэлцэх;
- Комиссын стратеги болон үйл ажиллагааны жил, улирал, сарын ажлын төлөвлөгөөг тодорхойлох;
-
Хяналт шалгалт, судалгааны нэгдсэн дүнг хэлэлцэх;
• Хүний эрхийн асуудлаар Комиссын нэгдмэл байр суурийг тодорхойлох;
КОМИССЫН ХУРАЛДААН МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛ
Комиссын хуралдааныг сар тутам хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд Комиссын дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулдаг. Хуралдааныг Комиссын дарга удирдан явуулах Комиссын даргын эзгүйд түүнийг орлож байгаа гишүүн хуралдааныг даргална. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд:
- Комиссын Тамгын газрын дүрмийг баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоох;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн бүтэц, агуулга, илтгэлээр өгөх санал, зөвлөмжийг хэлэлцэж, шийдвэрлэх
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх санал, зөвлөмжийг хэлэлцэх;
- Комиссын стратеги болон үйл ажиллагааны жил, улирал, сарын ажлын төлөвлөгөөг тодорхойлох; • Хяналт шалгалт, судалгааны нэгдсэн дүнг хэлэлцэх;
- Хүний эрхийн асуудлаар Комиссын нэгдмэл байр суурийг тодорхойлох;
Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын тогтоол гардаг.
КОМИССЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХ
- Комиссыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
- Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын даргын хүсэлтээр оролцох;
- Засгийн газрын хуралдаанд хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох;
- Комисст ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүдэд хуваарилах;
- Комиссын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх; • Комиссын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;
- Комиссын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх;
- Комиссын хуралдааныг товлож, удирдан хуралдуулах;
- Комиссын цахим шуудан болон утсаар гомдол, мэдээлэл хүлээж авах, хариу өгөх журмыг батлах;
- Комиссын эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмыг батлах;
- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ
- Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх;
- Хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас бүх төрлийн баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргуулан авах;
- Хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх;
- Хүний эрхийг зөрчсөн талаарх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийх.
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ, ШАЛГАХ, ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчсөн талаар Монгол Улсын иргэн дангаар, эсхүл хамтарч, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.
Хүүхэд болон иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим, эсхүл бүрэн бус чадамжтай хүн өөрт хамаарах аливаа асуудлаар бие даан, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан гомдол, мэдээлэл гаргаж болно. Комисст гомдол, мэдээлэл гаргах хэлбэр, түүнд тавигдах шаардлага, хүлээн авч шийдвэрлэх хугацаа, Комиссын гишүүний гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 21-26 дугаар зүйлд тусгайлан заасан.
КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖ
Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлага, зөвлөмж гаргана. Комиссын гишүүн нь байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлнэ. Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ. Комиссын гишүүн хүний эрхийн зөрчил, хэрэгжүүлэх арга хэмжээний онцлогоос хамааран хариу мэдэгдэх хугацааг өөрөөр тогтоодог.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг огцруулах, албан тушаал бууруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, биелүүлэх хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох, түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.