Комиссын Тамгын газар нь Комиссын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй. Тамгын газар нь орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай. Тамгын газрын дарга, ажилтан нь төрийн захиргааны албан хаагчид юм. Тамгын газар нь Комиссын чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх Захиргаа, удирдлагын хэлтэс, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс, Гомдол, мэдээлэл шалгах хэлтэс, Хүний эрхийн боловсрол, сурталчилгааны хэлтэс, Хүний эрх хамгаалагчийн хэлтэс, Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтэс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт
Захиргаа, удирдлагын хэлтэс
Комиссын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, төсвийн удирдлагын үр ашигтай байдлыг хангах, төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого төлөвлөлт, хөдөлмөр зохион байгуулалтыг хангах, комиссын дарга, гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
• Гадаад хамтын ажиллагааны тасаг
Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх, олон улсын болон гадаад улсын санхүүжүүлэгч байгууллагуудад хүний эрхийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санал боловсруулан хүргүүлэх, олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс
Хүний эрхийн нөхцөл байдлын талаар судалгаа хийж, хууль, тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналыг холбогдох газруудад уламжилж, хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийдэг. газруудад уламжилж, хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийнэ. Хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор баривчлах, хорих, эрүүлжүүлэх байрууд, цэргийн байгууллага, анги, нэгтгэл, хүүхдийн болон ахмад настны асрамж, халамжийн байгууллагууд, сэтгэцийн эмнэлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагад шалгалт явуулдаг. Шалгалтын мөрөөр хүний эрхийг хангах, хамгаалах талаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг
Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтэс
Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрхийнхээ төлөө тэмцэх чадавхыг бий болгох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд зориулсан танхимын болон цахим сургалтыг аливаа салбарын онцлогт тохирсон сургалтын агуулга, арга зүйгээр хүний эрхийн сургалтыг зохион байгуулдаг. Хүний эрхийн сурталчилгааг зорилтот бүлгийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн вэбсайт, фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг нийгмийн сүлжээний олон төрөл хэлбэрээр дамжуулан түгээхийн зэрэгцээ “Хүний эрх” сэтгүүл, сургалтын гарын авлага, ном, товхимол, сурталчилгааны хуудсыг бэлтгэн хэвлүүлж олон нийтэд түгээн ажилладаг.
Гомдол, мэдээлэл шалгах хэлтэс
Комиссын гишүүний удирдамж чиглэлийн дагуу иргэдээс хүний эрхийн аливаа асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, шалгах, баримтжуулах, тогтоогдсон нөхцөл байдлыг Комиссын гишүүнд танилцуулна. Комиссын гишүүний удирдамж чиглэлийн дагуу гомдлын мөрөөр хүний эрхийн хяналт шалгалт явуулах, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.
Хүний эрх хамгаалагчийн хэлтэс
Хүний эрх хамгаалагчийн Хорооны гишүүд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, эрсдэлийн үнэлгээ хийж хүний эрх хамгаалагчид болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчид учирч байгаа аюул, эрсдэлийн түвшнийг тодорхойлсон дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс
Комиссын гишүүн хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд таниулах, сурталчлах, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж өгөх, дүрс бичлэгийн төхөөрөмж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийж, олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, олон нийтэд сурталчлах, ном, гарын авлага боловсруулна. Хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэрийн төсөл эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж боловсруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг гаргаж, хэвлэн нийтэлнэ.