НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Мишэлл Бачэлэгийн видео мэдэгдлийг уншигч танаа хөрвүүлэн толилуулж байна.
Мэдэгдэл
2019 оны 12 дугаар сарын 10
Энх тайван, шударга ёс болон тогтвортой хөгжлийг ирээдүйд бий болгохын тулд бид дуу хоолойгоо хүргэх нь чухал ач холбогдолтой юм. Энэ жилийн хувьд өөрчлөлтийн төлөө зүтгэлийн хур буусан жил байлаа, ялангуяа залуучуудын идэвх давалгааллаа.
Бүх тив, бүс нутагт хурдацтай явагдаж буй уур амьсгалын эрс өөрчлөлт, тэгш бус байдал, дарангуй байгууллын эсрэг тэмцэл, өөрсдийн бие махбодтой холбоотой асуудлаарх шийдвэр гаргах эрхээс авахуулаад улс орныхоо бодлогыг тодорхойлоход оролцох эрхийн төлөө, итгэл найдварын төлөө хүмүүс ажиллаж байна.
Эрх чөлөө, шударга ёсыг улам бүр цогцлоохын төлөө тайван замаар тэмцэж буй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуусын эр зориг, зарчимч, тодорхой тууштай байдлаас урам зориг төрж байна.
Тэдний дуу хоолой бол хүн бүрийн эрхэм зэрэг, тэгш байдлыг бий болгох үндсэн зорилго бүхий хөдөлгөөн буюу хүний эрх оршин буйн бодит илэрхийлэл юм.
Хил хязгаараас үл хамааран хаана ч ажиллаж буй бодлого тодорхойлогчид эдгээр дуу хоолойг сонсох хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд илүү үр дүнтэй, илүү зарчимтай бодлогыг тодорхойлох нь зүйтэй юм.
Бид аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. Бид сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эдийн засгийн боломж бололцоог хүртэх болон амьжиргааны боломжит нөхцөлд аж төрөх эрхтэй.
Энэ нь бидний ирээдүй, аж төрөл, бидний эрх чөлөө, аюулгүй байдал болон биднийг хүрээлэн буй орчинтой холбоотой юм.
Бүх хүний эрхэм зэрэг, сонголт болон эрхийг нь сайжруулахын тулд бид дэлхий даяараа тайван байдлаар, эрчимтэйгээр хөдлөх хэрэгтэй.
Улам бүр шийдвэртэйгээр бид бүгд хүний эрхийн төлөө бат зогсох учиртай билээ.