ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монгол оронд минь амьдарч байгаа бүх хүмүүст Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргэе.
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд тэртээ 1948 оны энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл тунхаглал хэмээх амин чухал баримт бичгийг баталсан билээ. Хүн төрөлхтөн энэхүү тунхаглалыг баталсанаар дэлхий дахинаа хүний эрхийг жам ёсны хэмээн хүлээн зөвшөөрч, хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой болохыг зарлан тунхаглагласан юм. Өдгөө Хүний эрхийн Түгээмэл тунхаглал дэлхийд хамгийн их түгсэн буюу 500 гаруй хэл дээр орчуулагдсан баримт бичиг болжээ.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын Удиртгал хэсэгт “... хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн...” хэмээн үзэж үүний төлөө 70 гаруй жил тэмцэж, хүчин чармайлт гаргасаар байна. Үүний нэг жишээ нь хүнийг хөгжлийн төв хэмээн үзэж, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, мэдээлэл, оролцоо хангалтгүй байдал зэргээс болж хөгжлийн үр шимийг хүртэж чадалгүй үлдэж буй бүлгүүдэд хамгийн түрүүнд анхаарч “хэнийг ч ардаа орхихгүй” хөгжих үндсэн үзэл санаа бүхий “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар улс орнууд дуу нэгтэй баталсан явдал билээ.
Хүний эрх нь хүн нийгэмдээ амьдрах боломж, нөхцөл юм. Энэ боломж, нөхцлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч энэхүү үүрэг нь хүүхэд, залуучууд, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, шашны төлөөллүүд, үндэсний болон бэлгийн цөөнх зэрэг эрх агуулагч бүх хүний идэвхтэй, чөлөөтэй, утга учиртай оролцоогүйгээр хангагдах боломжгүй билээ.
Өнөө жил бид Хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан доор тэмдэглэж байна. Хүний эрхийг хангаж, хамгаалах үндсэн зарчмуудын нэг нь олон нийтийн оролцоог хангах явдал бөгөөд дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөө хичээн зүтгэж буй энэ цаг мөчид хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, хүний эрхийн түгэмээл соёлыг бэхжүүлэхэд хүн нэг бүрийн оролцоог хангаж гэмээнэ бид тогтвортой хөгжилд хүрч чадах юм.
Тиймээс буй газартаа айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаарддаг идэвхтэй иргэн байхыг уриалж байна. Хүмүүсээ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ!