Хүний эрхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөллийг шагналаа
2023-12-13 Хэвлэх 339Хүний эрхийн олон улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийг ойг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах дэмжих үйлсэд оруулсан хувь нэмэр оруулсан төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын зарим төлөөллийг ХЭҮК-ын даргын тушаалаар шагналаа.
Тухайлбал,
- "Монголын “Эмнести интернэшл” байгууллагын Удирдах зөвлөлийн дэд дарга Р.Очирбал
- “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа
- “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа
- "Бүх нийтийн боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл Налайх дүүргийн салбар, зөвлөлийн зохицуулагч Б.Ардак нарыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр
- ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороо
- Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Энхманлайг “Жуух бичиг”-ээр шагнав.
- Монголын “Эмнести интернэшл” байгууллагын Удирдах зөвлөлийн дэд дарга Р.Очирбал нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр их сургуулийг англи хэлний орчуулагч, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажлын гараагаа Отгонтэнгэр их сургуульд багшаар эхлүүлж, Монголын олон улсын арбитрт арбитрч, Эвлэрүүлэн зуучлалын үндэсний зөвлөл, эвлэрүүлэн зуучлагч, Монголын “Эмнести Интернэшнлийн гишүүн, 2019 оноос Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж байна.
Иргэн, гэрээ, өмч, газрын эрх зүй бол хүний эрхээр мэргэшсэн хуульч бөгөөд тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрх, ирээдүй хойч үеийн эрхийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.
Хэрэглэгчийн гэрээний хуулийн төсөл, Тусгай хамгаалалттай гaазар нутгийн тухай хуулийн төсөл, Зар сурталчилгааны тухай зэрэг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
НҮБ-ын бизнес ба Хүний эрхийн удирдах зарчимд нийцүүлэн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал: Тулгамдсан асуудал, шийдэл зэрэг судалгаа болоод эрдэм шинжилгээний ажлуудад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн туршлагатай юм.
2. Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа нь хуульч мэргэжилтэй.
Дархан хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, Шүүх яамны хууль цаазын дунд сургууль, МУИС, Отгонтэнгэр их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Тэрбээр 1992 оноос хойш гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын “Эрх зүйн шинэчлэл” хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч, захирлаар ажиллаж байна.
Хүний эрхийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах чиглэлээр дараах ажлыг хийсэн юм.
• 2008-2009 онд “Онц байдлын үе дэх хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, эрх нь зөрчигдсөн иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” нийтийн эрх ашгийн өмгөөлөл
• 2010 онд “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсны улмаас ойр дотныхоо хүмүүсийн амь насыг хөнөөсөн иргэдийн эрхийг хамгаалах нь” стратегийн өмгөөлөл
• 2010-2012 онд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогчийг хамгаалах нь” стратегийн өмгөөлөл
• 2013-2014 онд “Нийтийн тээврийн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох нь” стратегийн өмгөөлөл
• 2017 онд “29-р сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчдын зөрчигдсөн эрхийг хамгаалах нь” про боно өмгөөлөл
• 2019 онд “Насанд хүрээгүй хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр авах явдлыг зогсоолгох” нийтийн эрх ашгийн өмгөөллийг тасралтгүй хийж ирсэн хүний эрх хамгаалагч юм.
“Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Хүн худалдаалах гэмт хэргийг баримтжуулах, аюулгүй байдлаа хамгаалах нь”, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх нь” зэрэг хуульч, өмгөөлөгчдөд зориулсан 20 гарын авлага, Нээлттэй нийгэм форумтай хамтарч “Хамтарсан багийн үйл ажиллагааны мониторинг”, Шинэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдал, “Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хэрэгжилт”, НҮБ-ын Хүн амын сантай хамтарч “Түр хамгаалах байр, “Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны мониторинг” зэрэг судалгаа гүйцэтгэсэн туршлагатай.
3. “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Б.Ардак нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 2 дугаар 10 жилийн сургууль, Багшийн сургууль, МУИС-ийг тус тус дүүргэсэн. Философич, багш мэргэжилтэй.
ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Нийгэм ухааны багш нарын модул сургалт, Нийгэм ухааны чиглэлийн сургагч багш цуврал сургалтууд хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.
Боловсролын байгууллагад-35 жил, Иргэний нийгмийн байгууллагуудад боловсрол, хүний эрхийн чиглэлээр - 22 жил ажилласан туршлагатай.
Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 2 дугаар 10 жилийн сургуульд багшаар ажлын гараагаа эхлүүлж, улмаар Дундговь, Налайх дүүргийн 2 дугаар 10 жилийн сургууль, Голомт цогцолбор сургуулиуд багш, эрхлэгч, захирлаар, БСШУ-ны яаманд Нийгмийн ухааны сурах бичгийн шинжээчээр ажилласан.
Улмаар 2010 оноос “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Налайх дүүргийн салбар, зөвлөлийн зохицуулагч ажилладаг.
Боловсролын чанар, санхүүжилтэнд хяналт тавьж, салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн үндэсний хэмжээнд хамтран ажиллах, сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулах, Үндэсний цөөнх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, үндэсний зан заншил, хэл, соёлыг хадгалан хойч үедээ залгамжлан үлдээх чиглэлээр ажиллаж байна.
“Үндэсний болон хэлний цөөнхийн сурах эрхийн зөрчил”, “Насан туршийн боловсролын өнөөгийн байдал”, “Хүүхэд, хүүхдийн төлөө” ТББ-тай хамтарч хүүхдийн сурч боловсрох эрхийн талаарх болон ХЭҮК-той хамтарч “Үндэсний цөөнх доторх цөөнхийн эрх, хэл соёл” сэдвийн хүрээнд судалгаа, “Globe international төв”-тэй хамтран хэрэгжүүлсэн “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал”, “Нийгмийн хариуцлага-Хэвлэл мэдээллийн санаачлага /SAMI/”, “Сайн сургуулийг бүтээцгээе” сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол” зэрэг 60 гаруй судалгаа, төсөлд хамтран ажиллаж, хүний эрхийг хамгаалахад үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
4. “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа нь 1995 оноос эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн төлөө ажиллан Эмэгтэй удирдагч санг 2000 онд анх байгуулсан. Үүнээс хойш нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэл ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг тасралтгүй 30 гаран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албыг анх байгуулан 2 удаа ажлын албаны даргаар томилогдон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг хангахад өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж салбар хороо, зөвлөлийн жендэр хариуцсан албан хаагчийг үндсэн цалингийн 30 хувийн урамшуулал авч байхыг хүлээн зөвшөөрч, шийдүүлсэн зэрэг олон шинэ ажлуудыг санаачлан ажиллаж ирсэн.
Эмэгтэй удирдагч санг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй жил бүр 2-3 төслийг донор байгууллагын дэмжлэгтэйгээр нийгэмд эмэгтэйчүүдийг чадавхжуулахын төлөө тасралтгүй ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах ялангуяа ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг 2002 оноос тасралтгүй ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн, Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах нөлөөллийн ажлыг “Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг ТББ-уудын эвсэл”-тэй хамтран зохион байгуулсан.
Жендэрийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын хүрээнд 20 аймаг, болон зарим аймгуудын бүх сумдад 2000 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн.
Жендэрийн тэгш байдал, ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг эмэгтэйчүүдийг чадавхжуулахад зориулсан 30 гаруй сургалтын гарын авлага, арга аргачалал, зөвлөмж, нийтлэлийг бичиж боловсруулж хэвлүүлсэн.
2021 оноос Феминизм, феминист хөдөлгөөний онол практикийн талаар залуу үеэ бэлтгэх төслийг хэрэгжүүлэн гүнгийрүүлэн судлаж Ази номхон далайн бүсийн байгууллагын дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж байна.
5. ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, сурч боловсрох эрх зөрчигдөж буйг нийгэмд хурц, ил тодоор гаргаж, олны анхааралд тэр дундаа шийдвэр гаргах түвшинд хүргэж чадсан эмэгтэй юм.
Тэрбээр өдгөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагатай тасралтгүй хамтран ажилласаар байна. Европын холбооноос олгодог "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" шагнал хүртэж байсан.