ХЭҮК Элчин сайд Фиона Блайттай хүний эрхийн анхаарал татсан асуудалд хамтран ажиллах талаар ярилцлаа
2023-12-14 Хэвлэх 290Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид Комиссын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт, чиг үүрэг, шинээр байгуулагдсан механизм, хүний эрхийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааг товчхон танилцуулсан.
Элчин сайд Фиона Блайт хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлд ахиц гаргаж байгаа цөөн улс орны нэг нь Монгол Улс гэдгийг уулзалтын эхэнд цохон тэмдэглээд үүнд Комиссын үүрэг оролцоо ихээхэн нөлөөлсөн болохыг тодотгосон юм.
Түүнчлэн технологи хөгжихийн хэрээр олон нийтийн сүлжээгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдах, хүчирхийлэлд өдөөн турхирах зэргээр хүний эрх зөрчсөн, хуурамч мэдээлэл түгээх эрсдэл нэмэгддэг болохыг онцолсон юм.
Комиссын “2022-2025 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-ний тэргүүлэх чиглэлээр нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн төвтэй нийгмийн хөгжлийг бэхжүүлнэ гэж тодорхойлсон. Хүний эрхийг хамгаалах салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, ажиллана гэдгийг Комисс илэрхийллээ.
Талууд хүний эрхийн тулгамдаж буй асуудал, хүний эрхийн боловсрол олгож, түгээж байгаа тогтолцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллах чиглэлд санал солилцов.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нь Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан туршлагатай юм.
Уулзалтад ХЭҮК-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ, Их Британийн Элчин сайдын яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан С.Оюу нар оролцов.