Эмэгтэй хүний эрхийг хамгаалагчдын Яаралтай тусламжийн сан”-гийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Монголд нутагшуулах зорилготой зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа
2023-12-16 Хэвлэх 299Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази тив дэх анхны улс болсон нь хүний эрх, тэр дундаа хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах тогтолцооны суурь манай улсад бүрдээд буй.
ХЭҮК-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Комисст томилогдож, улмаар орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдсанаар хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах үйл ажиллагааг өргөжүүлэх, цар хүрээг тэлэхээр шуурхай ажиллаж байна.
Энэ хүрээнд “Эмэгтэй хүний эрхийг хамгаалагчдын Яаралтай тусламжийн сан”-гийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлж, нутагшуулах, практикт туршсан үнэлгээний тайлантай танилцах зорилгоор “Эмэгтэй хүний эрхийг хамгаалагчийн эрсдэлийн үнэлгээ” зөвлөлдөх уулзалт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нээж үг хэлэхдээ хүний эрхийг хамгаалагчид тэр дундаа эмэгтэй хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, даван туулах, цаашлаад ирээдүйд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд “Эмэгтэй хүний эрхийг хамгаалагчдын Яаралтай тусламжийн сан”-гийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Монголд нутагшуулах шаардлагатайг онцолж, хүний эрхийг хамгаалах үйлсэд шантрахгүйгээр хамтдаа мөр зэрэгцэн зүтгэж яваад талархал илэрхийлсэн юм.
Зөвлөлдөх уулзалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт Д.Мөнхтуяа, мэргэжилтэн Б.Наранжаргал, ажилтан А.Балдангомбо болон Монголын “Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Н.Арвинтариа, “Хүний эрх хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний хөтөлбөрийн ажилтан Д.Должинсүрэн, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ш.Ариунаа, казак эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны Гүйцэтгэх захирал Х.Заурыш, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын тэргүүн А.Долгор, “ЛГБТ Төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Энхмаа, “Хүнс” эвслийн тэргүүн Г.Оюунтуяа нар оролцлоо.