“Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” гарын авлага цахимаар байршлаа
2023-12-28 Хэвлэх 379Монгол Улсын Үндсэн хууль, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудад хүний хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан.
Ажлын байрны дарамт, хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд ажил эрхлэх бүхий л үйл явцад, ажлын цаг, ажлын бус цагаар, ажлын байранд, томилолтын үеэр эсхүл ажлын хамт олонтой амралт, зугаалга, арга хэмжээ, ажил эрхлэхээр ажил олгогчоос олгосон байранд ч тохиолдож болох зөвхөн ажил олгогч, удирдах ажилтны зүгээс үзүүлж буй зүй бус үйлдэл, хандлагаар хязгаарлагдахгүй ажил эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээдийн харилцан бие биедээ учруулж буй дарамт, хүчирхийллийг багтаадаг өргөн хүрээтэй ойлголт гэдгийг иргэд, төрийн албан хаагч төдийлөн мэдэхгүй, байдаг энгийн үзэгдэл гэх хандлага түгээмэл байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх, нэр томьёо зэргийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн 8 суурь конвенц ялангуяа 1999 оноос хойш нэгдэн орсон 4 суурь конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулж хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглосон.
Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн удирдах болон гүйцэтгэх албан хаагчдад зориулсан ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтын гарын авлага боловсрууллаа.
“Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” гарын авлага ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.