Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн эрх хамгааллын асуудлаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нээлттэй мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох эрхийг хязгаарласан, хүүхдийн халдашгүй, чөлөөтэй байх болон аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, мэдээлэл авах зэрэг олон эрх нь зөрчигдсөн гэх асуудлаар Комисст хандах гомдол, мэдээллийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.
Тухайлбал, 2020-2023 оны байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 388 гомдол, мэдээллийг Комисс хүлээн авч шалган шийдвэрлэж, 172 удаагийн хяналт шалгалт хийж, Комиссын 8 зөвлөмж, 2 санал, Комиссын гишүүний 21 зөвлөмж, 11 шаардлагыг эрх бүхий байгууллагуудад тус тус хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан талаар Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар танилцуулсан.
Түүнчлэн “Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүр Улсын Их Хуралд өргөн барьдаг бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьсны 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлыг тусгаж, холбогдох шийдвэр гаргуулж ирсэн.
Өнгөрсөн 2022, 2023 онуудад Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн олон улсын гэрээ, конвецоор хүлээсэн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд тусгаж, УИХ-д өргөн барьсан. Илтгэлийг УИХ-аар хэлэлцэж, дотуур байрны нөхцөл байдлыг үе шаттай сайжруулах тухай УИХ-ын тогтоол баталсан. Энэ дагуу дотуур байруудад урсгал засвар хийх, шинээр барих ажлыг Засгийн газраас үе шаттай хэрэгжүүлж байна” гэлээ.
Харин Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 19, 20 21 22 дахь илтгэлд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг тусгайлан тусгаж, УИХ-д танилцуулан холбогдох шийдвэр гаргуулсан.
Энэ хүрээнд Комиссоос өгч байсан саналууд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн барьсан хуулийн төслүүдэд тусгалаа олсонд талархаж байна.
Хүний эрх, тэр дундаа хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалах нь зөвхөн ганц байгууллагын хийх ажил бус, бүхэл бүтэн тогтолцооны асуудал гэлээ.