Хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд,
2024-01-17 Хэвлэх 650ХЭҮК нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 илтгэл боловсруулж, УИХ-д өргөн барьснаас 15 удаад нь хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг тусгаж, УИХ-аас холбогдох шийдвэр гаргуулсан.
Тухайлбал, 22 дахь илтгэлд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх хамгааллын асуудлыг тусгасан.
Уг асуудлын мөрөөр УИХ-ын 35 дугаар тогтоол батлагдаж, ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах журмыг нарийвчлан зохицуулахыг УИХ-аас Засгийн газарт даалгасан юм.
2024 онд УИХ-д өргөн барих 23 дахь илтгэлд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ, конвенцод хүүхдийн эрхийн хэрэгжилт нийцэж байгаа эсэх, үүнд нөхцөл байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар төлөвлөж, энэ хүрээнд эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллийг хүлээн авч байна.
Өнгөрсөн 2022 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835, бүтэн өнчин хүүхэд 2911, хагас өнчин хүүхэд, 36663, үрчлүүлсэн 1478, асрамж халамжийн төвд 974 амьдарч байгаа бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн 369 хүүхэд өртжээ.
Мөн улсын хэмжээнд нийт 31 асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод-26, Дархан-Уул аймагт-2, Дорнод аймагт-1, Орхон аймагт-1, Өвөрхангай аймагт-1 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр асрамж, халамжийн төвд 974 хүүхэд амьдарч байгаагаас 204 нь бүтэн өнчин, 303 нь хагас өнчин, 443 нь гэр бүлтэй, 24 нь олдмол хүүхэд байдаг гэсэн тоон мэдээлэл бий.
Комисс нь хүүхдийн дээд ашгийг хамгаалахад цаг ямагт анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Нийслэл, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтан, хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд болон “Өнөр бүл” төв, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төв, Нялхсын клиник сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, “Шинэ найдвар” Хүүхдийн хот айл, ‘’Монголиан Азиа Рийч’’ төсөл, ‘’Монголын хүүхдийн сан ТББ’’ асрамж, халамжийн төв, Кристина Ноблийн Хүүхдийн Сан, ‘’CICN Олон Улсын Байгууллага’’, ‘’Эрдэм хүүхдийн төв’’, “Арцат модон өргөө хүүхдийн төв’’, “Манай гэр хүүхдийн асрамж, халамжийн төв’’, ‘’Бадамлянхуа’’ хүүхдийн төв, ‘’Дон Боско ТББ’’, ‘’Манаа 0-5 хүртэлх насны нярай хүүхдийн асрамжийн төв’’, ‘’Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ’’, “Монгол өрх” сэтгэл заслын холбоо, “Хөгжлийн хэлхээ” ТББ, Хөөрхөн зүрх ТББ, “Монголын хүүхдийн эрхийн Үндэсний төв” ТББ-ын хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, холбогдох асуудлаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтаар холбогдох хууль, эрх зүйн орчин, хүүхдийн үрчлэлт, 18 нас хүрээд асрамж халамжийн төвөөс гарч байгаа хүүхдүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгөн тусламжид хамрагддаг эсэх, хамрагддаг бол тухайн хүүхэд захирах зарцуулах эрхтэй эсэх зэргээр өргөн хүрээтэй асуудлыг хөндөж, талууд байр сууриа илэрхийлж, шаардлагатай холбогдох чиглэлд Комисстой хамтран ажиллах хүсэлтээ зарим байгууллага уламжилсан юм.