Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх ээлжит уулзалт боллоо
2024-01-25 Хэвлэх 328Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын тайлан 2022”-д Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексийн үзүүлэлтээр дэлхийн 146 орноос 70 дугаар байранд оржээ. Жендэрийн ялгаатай байдлыг ерөнхий 4 индексээр хэмждэг бөгөөд эдийн засгийн оролцооны үзүүлэлтээр 26 дугаарт, боловсролын түвшин, хүрэлцээтэй байдлын үзүүлэлтээр 63 дугаарт, эрүүл мэндийн үзүүлэлтээр 1 дүгээрт, улс төрийн эрх мэдэл оролцооны үзүүлэлтээр 113 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн.
Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцсоор ирсэн боловч УИХ дахь тэдний төлөөлөл 17.3 хувь буюу дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн болон Азийн улс орнуудтай харьцуулахад 4-7 хувиар бага байгаа бол төрийн албаны гүйцэтгэх албан тушаалтны 60 хувь, дунд шатны удирдах албан тушаалтны 30 хувь нь эмэгтэйчүүд байна.
Тухайлбал, УИХ, Засгийн газрын томилогдох албан тушаалд нийт УИХ-аас удирдлага нь томилогддог хараат бус бие даасан байгууллагуудаас 2 байгууллагын дарга нь эмэгтэй бол, 3 сайд, 2 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга, нийслэл, дүүргийн 8 ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 31 эмэгтэй ажиллаж байна.
Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, санал солилцох зорилгоор өнгөрсөн 2023 оны 12 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагууд хамтран өглөөний уулзалтыг зохион байгуулах уламжлалтай болсны дагуу ээлжит уулзалтыг ХЭҮК, Төрийн албаны зөвлөл хамтран өнөөдөр /2024.01.25/ зохион байгууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд
- Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт
- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх-/Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/
- Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал
- Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал
- Иргэний нийгэм болон байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт Хүүхдийн эрхийн зарим асуудал /Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрх/
- Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тусгахаар ажиллаж байна.
Мөн “Эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн асуудлаар судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ“, “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал”, “Хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт”, “Сэтгүүл зүй болон өмгөөлөл салбар дахь хүний эрхийн хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хүний эрх ба технологи” нээлттэй хяналт шалгалт, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” зэрэг томоохон судалгаа, дүн шинжилгээний ажил гүйцэтгэж, Комиссын 23 дахь илтгэл, холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгахаар төлөвлөсөн.
Арга хэмжээг нээж, Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж бүс нутгуудын хувьд тэгш бус байгааг, боловсролын чанарын ялгаатай байдал, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, орчны бохирдол зэргээс үүдэлтэйгээр хүрээлэн буй орчны доройтол, орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин эрс нэмэгдэж, хот, хөдөөгийн амьжиргааны түвшний зөрүү өндөр болж буйд Комисс санаа зовниж байгааг онцолсон юм.
Түүнчлэн уул уурхай, мал аж ахуйн салбар эдийн засгийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсээр байгаа нь байгаль орчны болоод эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэйг цохон тэмдэглээд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах тэр дундаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд хүүхэд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтомжийн хэрэгжилтийг сайжруулах, сонгох, сонгогдох эрх болон ахмад настны эрх хамгааллын хэрэгжилтийг дээшлүүлэх, урлагаар дамжуулж хүний эрхийг сурталчлах зэрэг ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал нэн шаардлагатай байгааг дурдсан.
Харин Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй удирдлагуудын хоорондын уялдаа холбоог хангах, үр дүнтэй хамтарч ажиллах, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар хамтран ажиллаж үр дүн гаргах, төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллахад үе шаттай хэрхэн бэлтгэх зэрэг асуудлыг хөндөв.
Уулзалтаар уул уурхайн салбар дахь иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хүний эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ, конвенцод нийцсэн эсэхэд судалгаа, дүн шинжилгээ хийх, хүний эрхийн сургагч багш бэлтгэх шатласан сургалт зохион байгуулах, бүх нийтийн эрүүл мэнд хамгааллыг дээшлүүлэх тэр дундаа орчны аюулгүй байдлыг хангах замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог сайжруулах зэрэгт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд үр нөлөөтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, ҮГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Иргэний нисэхийн ерөнхий ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Цаг, уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхтуяа, Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл болон бусад албаны хүмүүс оролцов.