Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдах, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд гар, бие, сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2024-02-02 Хэвлэх 177УИХ-аас 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль баталж, Комиссын анхны гишүүд тангараг өргөснөөр манай улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан түүхтэй билээ.
Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдах, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд гар, бие, сэтгэлээ зориулан ажилласан Комиссын дарга асан С.Цэрэндорж, Ж.Бямбадорж, гишүүн асан Г.Далайжамц, Ц.Дашдорж, Н.Ганбаяр болон архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан референт Ж.Оюунхүү, жолооч Ганболд нарын ахмадуудыг ирж буй “Хилэнт эх” хэмээх Хөх Луу жилийг угтаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон нийт албан хаагчид оролцсон.
Комиссын дарга Д.Сүнжид арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн үегүй ирээдүй гэж байдаггүйтэй адил бид бүхэн түүхээ үргэлж судалж, алдаа, оноогоо дэнсэлж, ирээдүйн зам мөрөө засах ёстой. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоо байгуулах нөр их ажлын суурийг цутгасан ахмадуудынхаа туршлагаас цаг ямагт хуваалцаж, сургамжийг нь ажил хөдөлмөртөө тусгаснаар ирээдүйд гарах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэдэгт итгэдэг.
Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдах жим гаргасан үе үеийн ахмадууддаа талархал илэрхийлье. Та бүхний гаргасан жимээр хүний эрхийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг хичээх болно. Хүний эрх хамгаалагч та бүхэнд хүний эрхийн төлөөх үйлсэд амжилт хүсье” гэлээ.
Үүний дараа Комиссын анхны дарга, гишүүд залуу, дунд үеийн төлөөлөлд ажлын өндөр амжилт хүсэн ерөөгөөд үг хэлсэн юм.
Комиссын анхны дарга асан С.Цэрэндорж “Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан цагаасаа эгзэгтэй хүнд сорилтыг олон удаа амжилттай даван туулсан. Цаашдаа Комисс хуулиар хүлээсэн үүргээ тууштай, үр дүнтэй биелүүлж, амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ажилдаа хариуцлагатай, санаачилгатай, идэвх зүтгэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байхын сацуу хамт олны дунд зөөлөн, дулаан уур амьсгал бүрдүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгаарай. Эв найрамдалтай хамт олон ямар ч хэцүү хүнд сорилтыг даван туулдаг, тэр хэрээрээ ажлын бүтээмж өндөр байдаг.
Гишүүн асан Ж.Дашдорж ХЭҮК-ын хамт олон өргөжиж, олуулаа болсныг хараад сэтгэл баясаж байна. Комиссын орон тоо нэмэгдэж байгаа нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын ач холбогдлыг харуулж буй нэгээхэн үзүүлэлт юм. Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн ач холбогдлыг нэмэгдүүлэх тал дээр түлхүү ажиллаарай.
Гишүүн асан Г.Далайжамц Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллах хүмүүс хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан хандлага нь төлөвшсөн, энэ салбарын талаар мэдлэг, ойлголттой, туршлагатай хүмүүс томилогдох нь ихээхэн чухал ач холбогдолтой. Нөгөөтээгүүр хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй арга нь хүний боловсролыг түгээх дэлгэрүүлэх явдал. иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийг ажлыг илүү далайцтай өргөн хүрээнд зохион байгуулахад анхаараарай.
Комиссын дарга асан Ж.Бямбадорж “Хүний эрхийн мэдлэгтэй байх, мэддэг байхаас илүү хүний эрхийн мэдрэмжтэй байх нь хамгийн чухал. Хүний эрхийн байгууллагад ажилласан хүн эхлээд өөрөө “хүн” болдог. Та бүхэн бол Монгол Улсын иргэдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллах үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс. Зорьсондоо хүрэхэд олон бартаа саад туулах шаардлага гарна. Энэ бүхнийг хамтын хүчээр даван гарна гэдгийг дор бүхнээ сайтар ухамсарлаарай.
Гишүүн асан Н.Ганбаяр “Би төрд 44 жилийн хугацаанд 9 байгууллагад ажилласан. Эдгээрийн дундаас хамгийн буянтай ажил нь ХЭҮК. Комиссын залуу үеийнхэндээ амжилт хүсэн ерөөе гэлээ.
Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртсэн Комиссын анхны гишүүн Ж.Дашдоржид хүндэтгэл үзүүллээ.
Ж.Дашдорж нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Ажлын гараагаар 1982-1985 онд Завхан аймгийн шүүхийн гишүүнээр эхлүүлж, улмаар 1985-1990 онд мөн аймгийн шүүхийн орлогч дарга, 1990-2001 онд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, 2001-2013 он хүртэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, 2013-2018 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ахлах зөвлөх, 2019 оноос ХЭҮК-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа хууль тогтоох, хүний эрхийг хангах, хамгаалах, шүүн таслах байгууллагад 41 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж буй эрхэм юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний анхны даргаар С.Цэрэндорж, гишүүдээр Г.Далайжамц, Ж.Дашдорж нарыг 2001 онд УИХ-аас томилж байсан юм. Комисс өдгөө 7 гишүүн, 74 албан хаагчтайгаар хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.