"Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчил” сургалтад мэдээлэл хийж, анхаарах асуудлаар зөвлөлөө
2024-02-05 Хэвлэх 578Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчил, цэргийн албаны талаар зохих мэдлэг олгож, прокурорыг мэргэшүүлэх, чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчил” сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд танхим, цахимаар хамрагдаж буй тус арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд төрийн цэргийн анги нэгтгэл дэх хүний эрхийн нөхцөл байдал, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог, цэргийн алба хаагчдад тавигддаг хүний эрхийн тодорхой хязгаарлалт зэрэг сэдвээр мэдээлэл өгч Комиссоос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг Комисс тусгайлан тусгаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоол батлагдсан.
УИХ-ын 49 дүгээр тогтоолд цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих. Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтыг тусгах. Цэргийн алба хаах орчин нөхцөл, алба хаагчийн нийгмийн баталгаа, сэтгэл зүйн тусламж, соён гэгээрлийн үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээ туссан талаар онцолсон юм.
УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ХЭҮК-оос төрийн цэргийн анги нэгтгэлд хяналт шалгалт тогтмол зохион байгуулж, гарч буй өөрчлөлт, цааашид зайлшгүй авах арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагуудад зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.
Тэрбээр цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд прокурорын хяналт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлон дурдаад дараах чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөлөө. Үүнд:
• Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог нь хууль, дүрмээр олон хязгаарлалт тогтоодог ч ямар ч тохиолдолд тэдэнтэй хүнлэг бус харьцаж, нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэдгийг тогтмол анхаарч байх.
• Цэргийн анги, байгууллага дахь хүний эрхийн аливаа асуудал, гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн цэргийн алба хаагч ямар нэгэн дарамт шахалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж байх.
• Цэргийн анги, байгууллага дотор үйлдэгдсэн болон ажлын бус цагаар, албан үүрэг гүйцэтгээгүй үедээ гэмт хэрэг, зөрчил, осол, сахилгын зөрчилд холбогдсон алба хаагч, байгууллагын талаарх мэдээллийг бүртгэх, олон нийтэд мэдээлэхдээ ялгамжтай, хуулийн хүрээнд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих.
• Цэргийн анги, байгууллагын нутаг дэвсгэр, бэлтгэл сургуулилтын үед гарсан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг, золгүй тохиолдол бүрт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор түүний шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах мэдэгдлийг холбогдох цэргийн анги байгууллагад хүргүүлж, арга хэмжээ авч хэвших.
• Цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх.
• Цэргийн алба хаагчид нь хуульд нийцээгүй тушаал, зааврыг биелүүлэхгүй байх, ийм шийдвэрийг биелүүлээгүйгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байх баталгааг бий болгох, мөн хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон дүрмийн бусаар харьцаж, шийтгэхийг хориглох, улмаар дүрмийн бусаар харьцаж, шийтгэхийг нотлох аливаа шинж тэмдгийг тодорхойлох, ажлын арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэх зэргийг тусгавал зохихыг тодотголоо.
Ташрамд дурдахад, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас цэргийн албаны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2018 оноос хойших байдлаар дүүргийн хэмжээнд судалсан байна.