ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Д.СҮНЖИД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ “БҮТЭЭМЖ, ҮР НӨЛӨӨ-2024” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АНХААРАХ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ОНЦОЛЛОО.
2024-02-26 Хэвлэх 291Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Прокурорын байгууллагын удирдах ажилтны “Бүтээмж, үр нөлөө-2024” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.
Тус зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцож, Комиссын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 2022-2025 оны Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгасан Прокурорын байгууллагатай хамтран ажиллах зорилт, арга хэмжээ болон Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийн асуудлыг онцлон тэмдэглэлээ.
1. Хүний эрхийн Үндэсний Комиссоос стратегийн баримт бичигт дэвшүүлсэн хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг нөхөн төлүүлэх үндэсний тогтолцоог сайжруулах бодлогыг танилцуулав.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санаа, гэм хорын хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг нь сэргээх хууль тогтоомжид санал боловсруулах, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн үйл ажиллагааг үнэлж, сайжруулах, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогын нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зэрэг зорилтыг онцоллоо.
2. Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийг асуудлыг дурдлаа. Тухайлбал,
- Иргэнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа урт хугацаанд шалгаж залхаан цээрлүүлдэг тохиолдол гарч байгаад анхаарах;
- Иргэнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хорьж мөрдөхийг урьтал болгохгүй байх;
- Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын гэрээ конвенцыг дотоод хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэж хэвших;
- Гэмт хэрэгт холбогдон шалгаж байгаа иргэнийг мөрдөн шалгах байгууллагаас баривчлах шийдвэрт тавих хяналтаа сайжруулах;
- Цагдан хорих байрны үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулж хоригдогчийн хуулиар олгогдсон эрхийг хэрхэн хангаж байгаад тогтмол хяналт тавих асуудал болно.
3. Комисст иргэдээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хилс хэрэгт холбогдсон, нотлох баримт шалгуулах, хууль бусаар цагдан хоригдсон, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх, хууль зүйн туслалцаа авах асуудлаар 20 гомдол, мэдээлэл ирснийг танилцуулж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан хандлага арга зүйгээр ажиллах нь чухал болохыг санууллаа.
4. Халдашгүй байх эрх, шүүхээр шударгаар шүүлгэх эрх зэрэг сэдвээр сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллах боломжийн талаар дурдлаа
Прокурорын байгууллагын удирдах ажилтны энэ удаагийн зөвлөгөөн “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-ний зорилтын нэг болох “Бүтээмж, үр нөлөө” уриан дор болж байна.
Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 51 удирдах албан тушаалтан биечлэн, 1,200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож байгаа юм.