Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ХЭҮК, АТГ хамтран ажиллана
2024-03-05 Хэвлэх 103ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн Комиссар З.Дашдаваа, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Буянтүмэн, Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нартай 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр уулзлаа.
Комисс 2023 оны 09 дүгээр сард Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, хандлага, чадавхыг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах асуудлаар Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахаар санал солилцож, хамтран ажиллахаар болсон.
Энэ удаагийн уулзалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцтай холбогдуулан Комисст ирүүлж буй гомдол, мэдээллийн талаар харилцан ярилцаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэж, дээдлэж ажиллах талаар зөвлөлдлөө.
Улмаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Авлига хүний эрхэд үзүүлэх үр нөлөө” үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-ын алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газар болон холбогдох төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар тохиров.