ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сенатын дарга Танзила Нарбаеватай хүний эрх, эрх чөлөөний төлөв байдалд гарч буй ахиц дэвшлийн талаар санал солилцлоо
2024-03-05 Хэвлэх 191Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо Олий Хурлын Хүний эрхийн Комиссар (Омбудсмен) байгуулагдсаны 29 жилийн ойд зориулсан “Хүний эрх бол улс орнуудын тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл” сэдэвт олон улсын бага хурал 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцож, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал, гарч буй ахиц дэвшил, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү арга хэмжээг НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссар, Узбекистан дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, Узбекистан дахь ЕАБХАБ-ын төслийн зохицуулагч, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Узбекистан дахь төлөөлөгчийн газар, Фридрих Эбертийн сан хамтран зохион байгуулсан.
Тус хуралд Монгол Улс, Австралийн холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Мароккогийн Хаант Улс, Норвегийн Хаант Улс, Тайландын Хаант Улс зэрэг улс орны Хүний эрхийн үндэсний байгууллагын дарга, гишүүд, хамтын нийгэмлэгийн төлөөлөгч, хүний эрх, эрх чөлөөний асуудал эрхэлсэн Комиссар болон НҮБ, Европын зөвлөл, ЕАБХАБ-ын Ардчилсан институци, Хүний эрхийн албаны мэргэжлийн хороод, Венецийн комисс, Олон улсын Омбудсманы хүрээлэн, Азийн Омбудсменуудын нийгэмлэг, Герман Улсын Макс Планкийн хүрээлэн, Узбекистан дахь гадаад улсын дипломат корпус, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Дотоод хэргийн яам, Хууль зүйн яамны төлөөлөл оролцов.
Хуралдаанаар хүний эрхийг хангахад Хүний эрхийн үндэсний байгууллагууд, парламент, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийттэй хамтран ажиллах цаашлаад төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй хүргэх, цахим орчинд хүний эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, хөдөлмөрийн зохистой харилцаа, нөхцөл, баталгааг бий болгох, бүрдүүлэх чиглэлээр оролцогчид санал хуваалцаж, харилцан туршлага солилцов.
Түүнчлэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сенатын дарга Танзила Нарбаева Олон улсын хуралд урилгаар оролцсон Монгол Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Мароккогийн Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хүний эрхийн үндэсний байгууллага, Хүний эрхийн комиссарын газрын (Омбудсман) төлөөлөгчдийг 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссы гишүүн Ж.Хунан оролцож, Комиссын чиг үүрэг, Комиссын дэргэд шинээр байгуулагдсан механизмууд, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд гарч буй ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулаад Узбекистан Улс цаазаар авах явыг үндсэн хуулиасаа хассан болон Хүүхдийн эрхийн омбудсмен, Бизнесийн омбудсменийг байгуулсан явдал нь хүний эрхийн чиглэлээр гарч буй чухал дэвшил гэдгийг онцолсон юм.