ХЭҮК 23 дахь илтгэлийн “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” бүлгийн хүрээнд санал солилцлоо
2024-03-12 Хэвлэх 292ХЭҮК нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасны дагуу хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдлыг жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгахаар заасан.
Энэ хүрээнд “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-тай хамтран Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн болон байгаль орчны асуудлаар ажилладаг хүний эрх хамгаалагчид, байгаль хамгаалагчид, экологийн цагдаа зэрэг 950 орчим төлөөллийг оролцуулан “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” судалгаа хийлээ. Судалгааны үр дүнд тулгуурлан дээрхи хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний саналын хамт Комиссын 23 дахь илтгэлд тусган Улсын Их Хуралд танилцуулахаар ажиллаж байна.
Илтгэлийн сэдэв таницуулах зорилго бүхий хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Усны газар, Цаг уур орчны шинжилгээ, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, МБОИЗ зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын хүний эрх хамгаалагчдыг оролцуулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, эрсдэл тэдгээрийг даван туулах арга замын талаар санал бодлоо чөлөөтэй солилцохыг хүсээд 2023 онд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэгт оролцогчдод хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны хэлбэр, онцлог, байгаль орчны хүний эрх хамгаалагчдын голлох үүрэг, ач холбогдол, хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх олон улсын хэм хэмжээ болон Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, баримт бичигт тусгагдсан байдалд хийсэн дүн шинжилгээний үр дүнг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.
Судалгаанд оролцогчдын 29 хувь нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, 27.3 хувь нь байгаль орчны, 20.1 хувь нь нийгмийн шударга ёсыг шаардах чиглэлээр ажиллаж хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа холбогдох байгууллагад өргөдөл, санал, гомдол, мэдээлэл гаргаж оролцдог байдал 30.9 хувь, шаардлагатай хүмүүс эрхээ хамгаалах талаар зөвлөгөө өгдөг байдал 15.9 хувь, цахим орчинд хүний эрх зөрчигдсөн хүний эрх хамгаалагчдыг хамгаалах асуудлаар үзэл бодлоо илэрхийлдэг байдал 12.8 хувь байна. Харин жагсаал цуглаанд оролцох болон зохион байгуулах үйл ажиллагаа иргэний нийгмийн хүний эрх хамгаалагчдын дунд хамгийн цөөн буюу 1.4-1.9 хувьтай байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид иргэний нийгмийн байгууллагууд бүртгүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг бууруулах, тодруулбал иргэний нийгмийн байгууллагын татвар санхүүгийн орчныг сайжруулах, үйл ажиллагаа явуулахад үүсэж буй санхүүгийн хүндрэлд хөнгөлөлт үзүүлэх, үйл ажиллагаа явуулах суурь орчныг сайжруулах түүнчлэн байгаль хамгаалагч, экологийн цагдаа болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, саналыг УИХ-д хүргүүлэх Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” бүлэгт тусгах юм.