Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Монгол Улс8 Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал хариуцсан газрын Судалгаа үнэлгээний хэлтсийн бодлогын судлаач Мария Габриелла Бреглия, Монгол Улс дахь Суурин зохицуулагч П.Болормаа нарыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилт, тэр дундаа албадан хөдөлмөрийн чиглэлээр хийсэн судалгаа ихээхэн үр нөлөө үзүүлж байгааг талууд цохон тэмдэглээд албан бус сектор, хэвлэл мэдээллийн салбар дахь албадан хөдөлмөрийн асуудал, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар мэдээлэл солилцож, цаашид хөдөлмөрийн харилцаанд албадан хөдөлмөрийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг илрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналыг илэрхийллээ.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран зохион байгуулах “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдал: 2021-2022 онд гүйцэтгэсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”, “Зэвсэгт хүчний ахлагч офицер, хугацаат цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн судалгаа”-ны үр дүнг төр, төрийн бус байгууллагуудад танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцаж, мэдээлэл солилцов.
Уулзалтад Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо нар оролцлоо.