Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт болж байна
2024-04-29 Хэвлэх 179Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яамтай 2022-2024 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт байгуулсан.
Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг тусгасан юм.
Энэ хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, батлан хамгаалах салбарт хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын орлогч дарга, Бригадын генерал Т.Галбадрах, Захирааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дашзэвэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сургалтыг нээж ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн алба хаагчдад хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллаж ирсэн уламжлалтайг дурдаад цэргийн алба хаагчийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй явуулж байхын ач холбогдлыг онцолсон юм.
Харин Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, хурандаа
Ж. Болдбаатар Батлан хамгаалах яамны зүгээс хүний эрхийг хангаж хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлого, хүрсэн үр дүн, батлан хамгаалах салбар дахь иргэний хяналт, хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэл өгч, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Энэ удаагийн сургалтаар төв, орон нутгийн 45 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж, тус тусын анги салбартаа хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.
Ташрамд дурдахад, Хүний эрхийн үндэсний комиссоос Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ерөнхий боловсролын сургуулиуд хүний эрхийн хамгаалагчийн чиглэлээр сургагч багш нарыг үе шаттай бэлтгэж байгаа юм.
Гурван өдөр үргэлжлэх тус сургалтыг
-ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:
- Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь
-ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ:
- Хүний эрхийн олон улсын гэрээ
- Хүүхдийн эрх, хамгаалал
-ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт Э.Сансар
- Хүний эрх ба жендэр
-ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг:
- Хүний эрхийн ойлголт, хандлага
- Төрийн тусгай алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал
-ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхтулга
- Хүний хувийн мэдээлэл хамгаалахад анхаарах асуудал
-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор У.Туяа
- Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй сэдвийн хүрээнд удирдан зохион байгуулж байна.