Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах, таниулах зорилгоор сургагч багш бэлтгэх модулийг оролцооны аргад тулгуурлан турших, сургалтад оролцогчидтой санал солилцох, модулийн агуулгыг сайжруулахад чиглэсэн “Хүний эрх хамгаалагч” сургалтын модуль турших сургалт өнөөдөр /2024.04.29/ боллоо.
Комисс нь “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”-ийг тусгайлан судалж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгасан юм.
Судалгааны үр дүнгээс харахад, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад аюул, эрсдэлд өртөх тохиолдол их байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах механизм сайжруулах ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгахад чиглэсэн бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.
Сургалтыг Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нээх үеэрээ энэ талаар цохон тэмдэглээд “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэнээр хүний эрх хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахад төрийн үүрэг, оролцоог сайжруулах суурь алхмууд хийгдэж байгаа ч зарим талаар хүний эрх хамгаалагчийн эрх, эрх чөлөө зөрчигдөх явдал гарсаар байна” гэдгийг онцлоод хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад “Хүний эрх хамгаалагч” сургалтын модуль ихээхэн үүрэг роль гүйцэтгэх ач холбогдолтой гэлээ.
Харин сургагч багш Д.Оюунномин “Хүний эрх гэдэг хамгийн эгэл утгаараа хүн бүрд заяагдсан язгуур чанарыг илэрхийлсэн ухагдахуун бөгөөд ямар нэг давуу эрх, онцгой ямба, мөн төрөөс өгсөн боломж гэж ташаа ойлгож болохгүй. Нэг хүний эрх, эрх чөлөө нь нөгөө хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдгийг нийтээр ойлгож, хариуцлагатай байж, өөрийн эрхийг шаардах чадвартай байх нь хүн бүрийн хэрэгцээ болоод байна.
Зорилгоо зөв тодорхойлж үр дүнд хүрэхийн тулд тууштай байж үйл ажиллагаагаа бусдад хүрэх, нийгэмд зөвөөр танигдах хэрэгцээ шаардлагын үүднээс “хүний эрх хамгаалагч” гэж хэн болох, ямар шаардлага хангасан байх, байнгын үйл ажиллагаа явуулдаг эсэх, болоод хүний эрхийг тайван арга замаар хамгаалах гэж юу болохыг ойлгодог хүний эрхийн мэдрэмжтэй байх нь хүний эрхийн төлөөх тэмцэл үр дүнгүйдэхээс урьдчилан сэргийлнэ” гэлээ.
Хүний эрх хамгаалагчийн талаар сургалтын модулийг боловсруулах ажлыг Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтнууд Монголын Эмнести Интернэшнл байгууллагын сургагч багш нартай хамтран хэрэгжүүлж байна.
“Хүний эрх хамгаалагч” сургагч багшийн гарын авлага нь шаардлагатай мэдээллийг нэгтгэн багтаасан бөгөөд нэг бүрчлэн алхамчлан дагах бус, тухайн нөхцөл, бүлэг хүмүүст тохируулан мэдээллийг баяжуулан тусгаснаараа давуу талтай юм.