"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл" бүлгийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
2024-05-06 Хэвлэх 82Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдлийг тусгайлан судалж, шийдвэр гаргуулахаар холбогдох 5 саналын хамт УИХ-д өргөн барьсан.
Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд 23 дахь илтгэлийн бүлгийг танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.05.03/ зохион байгууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн тулгамдсан асуудлыг ихэнх тохиолдолд хууль тогтоомж, бодлогыг өөрчилж, асуудал эрхэлсэн байгууллага үүсгэснээр бодитой шийдэхгүй, харин тухайн асуудалд нөлөөлж буй хувь хүний, нийгэм-соёлын, эдийн засгийн, улс төр, эрх зүйн суурь хүчин зүйлсийг тодорхойлж, авах арга хэмжээний эрэмбийг тогтоох нь илүү үр дүнтэй байж болно” гэж 23 дахь илтгэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” бүлэгт дүгнэсэн.
Учир нь ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого эрүүл мэнд, нийгмийн хамгааллын явцуу хүрээнд биш, хүн бүрийн ижил үнэ цэнийг хүндэтгэн зөвшөөрч, нийгмийн амьдрал, үйл хэрэгт тэгш дүүрэн оролцуулах өргөн хүрээнд боловсруулах нь зохистой болохыг сануулж, холбогдох хууль тогтоомж, бодлого, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлснээ 2007 онд УИХ-д илтгэж байсан. Үүний үр дүнд Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанар, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн шинэтгэл явуулж, асуудал эрхэлсэн бүтэц, байгууллагыг үүсгэж, зохих үр дүнд хүрчээ.
Гэвч сүүлийн арван жилийн хугацаанд гарсан өөрчлөлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүний зэрэгтэй амьдрах, эрх, эрх чөлөөгөө бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх Монгол Улсын олон улсын гэрээний амлалт, хууль тогтоомжийн зарчим, бодлогын зорилго, зорилтууд, байгуулсан бүтэц, зарцуулсан төсөвтэй харьцуулахад чамлалттай үзүүлэлт юм.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал, авах арга хэмжээг санал болгох, цаашлаад олон талт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эрх зүй, институтийн арга хэмжээ хангалтгүй бус, харин тухайн асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг цогцоор тодорхойлж, бодлогын эрэмбийг тогтоох нь үр дүнтэй болохыг хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад сануулах үүднээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтэлд уг асуудлыг тусгайлан тусгасан” гэдгийг онцлон хэлсэн юм.
Хэлэлцүүлэг уулзалтад төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, эвслийн 70 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж хариулсан бол 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.
Сонгуульд санал өгөх, улс төрийн байр сууриа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг улс төрийн биет оролцооны хувьд судалгаанд оролцогчдын 12 хувь нь маш идэвхтэй, 40.5 хувь нь дундаж байхад 17.6 хувь нь огт идэвхгүй, 15 орчим хувь нь сул идэвхтэй байна.
Нийгмийн харилцаанд бие даан оролцох хүсэл, улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд 18-35 насны оролцогчид бусад насны бүлгүүдтэй харьцуулахад илүү идэвхтэй, 56-аас дээш насны оролцогчид идэвх муутай байв.
Судалгааны бүх асуулгын хүрээнд хүйсийн ялгаатай байдал огт ажиглагдаагүй нь онцлог байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоо олон хүчин зүйлсээр хязгаарлагдаж байна.
Хэрвээ та Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг бүрэн эхээр нь уншиж, танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ