Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан 21 аймгийн Төв Номын санд хүний эрхийн ном, илтгэл, товхимол, сэтгүүл, судалгаа, боть, гарын авлагыг олон нийт, уншигч, хүүхдүүд, оюутнуудад зориулан нийтийн хүртээл болгох зорилгоор “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булан нээж, каталогижуулах ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тайлан илтгэлүүд, Хүний эрхийн Олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын гэрээний хороод, хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол улсад өгсөн зөвлөмжүүд, хүний эрхийн чиглэлийн судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл, гарын авлагыг хүлээлгэн өглөө.
Энэхүү булан нь Булган аймгийн иргэд, хүний эрх хамгаалагч, шинжээч, судлаачид, хүүхэд, оюутан залуус, хүн бүрийн хүний эрхийн боловсролд зориулсан нөлөөллийн чухал арга хэрэгсэл, үнэ цэнтэй зөвлөн туслагч болох юм.
Цаашид хүний эрхийн чиглэлийн ном сэтгүүл, гарын авлагаар тогтмол баяжуулж, иргэдийн хүртээл болгох юм.
Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажилласан Т.Мөнгөнтуяа даргатай Булган аймгийн Төв Номын сангийн хамт олонд дахин ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.