Нийслэлийн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ
2024-05-10 Хэвлэх 454ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын үеэр тус эмнэлгийн даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч Д.Наранцацралт амаржих газар нь 1928 онд 3 сувилагчийн орон тоотой, 6 ортой байгуулагдсан бөгөөд өдгөө нийт 340 гаруй эмч, ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 оны байдлаар нийт 83,345 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс 52,961 иргэнд амбулаториор үйлчилж, нийт 7030 төрөлт бүртгэгдсэн гэдгийг танилцууллаа.
Нийслэлийн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал, ажлын байрны дарамт байдаг эсэх, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудлыг шалгасан тус хяналт шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Д.Намжилсүрэн, Ж.Нарантуяа, С.Энхзаяа мэргэжилтэн Б.Мөнхболор нар ажиллав.