Хүний эрхийн Үндэсний Комисс 13 удаагийн илтгэлдээ Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн
2021-03-17 Хэвлэх 118Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар зочилж, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн чиглэлээр хийж буй ХЭҮК-ын ажил, иргэн Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.
Уулзалтад хэвлэл мэдээллийн төлөөлөл, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, гишүүн, Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар байлцаж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-ын гишүүд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу тус хуульд заасан арга хэмжээнд хяналт тавьж ажилласан.
ХЭҮК өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх нийт 19 илтгэлийг УИХ-д өргөн барьсан бөгөөд үүнээс 13-т нь эрүүдэн шүүхийн эсрэг буюу эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг хөндсөн байдаг. Хамгийн сүүлийн буюу 18 дахь илтгэлд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг байгуулах, алба хаагчдыг сургах, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг санал, зөвлөмжийг гаргасан байдаг.
Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцид 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орж, 2002 онд Эрүүгийн хуульдаа эрүү шүүлт тулгах гэмт хэргийг томьёолон оруулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах байгууллага болох Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулж байсан. Харин 2014 онд тус албыг татан буулгасан нь олон улсын конвенциор хүлээсэн үүргээсээ ухарсан явдал болсныг олон улсын байгууллагаас үргэлж сануулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан хараат бус механизмыг байгуулахыг зөвлөдөг.
2020 оны 11 дүгээр сард Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцээд Монгол Улсад өгсөн 190 зөвлөмж өгсөн бөгөөд 11 нь эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой байсан юм.
ХЭҮК-д эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой гомдол цөөнгүй ирдэг бөгөөд энэ төрлийн гомдол 2018 онд 40, 2019 онд 26, 2020 онд 47 ирсэн байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ХЭҮК-ын өмнөх гишүүд удирдлагууд байр сууриа илэрхийлж байсан. Шинэ гишүүдийн хувьд 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож Улсын дээд шүүхэд уламжлаад байна. Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэн батлагдаж Комиссын дэргэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хяналт шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган ажиллана. ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд энэ хаврын чуулганаар томилогдох юм.
Уулзалтын үеэр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус байгууллага байгуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын оролцоо, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс дахь оролцооны асуудлыг тодорхой, ойлгомжтой болгох зэрэг асуудлуудыг ярилцсан болно.