Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудлаар “МЕТА” компанийн төлөөлөлтэй санал солилцлоо
2020-04-29 Хэвлэх 142Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Г.Нарантуяа нар “МЕТА” компанийн Ази, Номхон далайн бүс, төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын газрын дарга Сенүра Абейварденатай 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр санал солилцлоо.
Уулзалтаар хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа болон “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсын иргэдийн цахим бичиг үсэг тайлагдалт, цахим хуваагдал иргэдийн цахим боловсрол, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн сүлжээний эрх зүйн зохицуулалт, УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээний платформ ашиглаж байгаа байдалд мониторинг хийх зэрэг асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.
Түүнчлэн Монгол Улсад хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах, гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авах, зорилтот бүлэг, хүүхдийн эмзэг мэдээллийг тараах, дамжуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлээс хамгаалах нь нэн тулгамдсан чухал асуудлыг хөндөж, цахим орчин дахь Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд “МЕТА” компанийн хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дурдав.
Мөн Хүний эрхийн хамгаалагчдыг таних, хамгаалах хүрээнд “МЕТА” компаниас хөгжүүлж буй аппликейшнаар дамжуулан хүний эрхийн зөрчлийн мэдээлэл шууд авах шаардлага үүссэнийг онцолж, тухайн аппликейшнаар дамжуулж хүний эрхийн хамгаалагчдыг таних, хүний эрхийн зөрчлийг мэдээлэх, холбогдох орон нутгийн цагдаа болон Хүний эрхийн Үндэсний Комисс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, хянах боломжийг олгох, хариу арга хэмжээг авах асуудлаар санал тавив.
МЕТА компанийн төлөөлөгчид нь Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ил тод, хариуцлагатай, сонгуулийн шударга тогтолцоог дэмжихэд улс төрийн нам, эвсэл болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор оролцов.