Хүний эрхийн хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлаар улс төрийн намуудын төлөөлөлтэй санал солилцлоо
2024-02-21 Хэвлэх 141Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нар МАН, АН, Хүн нам, Эх орончдын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Иргэний Зориг ногоон нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Шинэ нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монгол үндэсний ардчилсан нам, Тусгаар тогнол, эв нэгдлийн нам, Зон олны нам, Дэлхийн Монголчуудын нам, Ард түмний олонхийн засаглал намын төлөөлөлтэй өнөөдөр /2024.02.21/ уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Комисс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлыг тусгуулах үүднээс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд улс төрийн намын үүрэг оролцоо, намын бодлого, хөтөлбөрийг хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр болохуйц бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, анхаарал хандуулах шаардлагатай тулгамдсан асуудлын талаар танилцуулж байсан.
Энэ удаагийн уулзалтаар хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын тоймыг танилцуулж, тулгамдсан асуудал болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг дээшлүүлэх, хамгаалах, хангах, хөхиүлэн дэмжихэд чиглэсэн зайлшгүй тусгах шаардлагатай асуудалд харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг сайжруулахад улс төрийн намын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа чухал үүрэгтэйг Комисс онцлоод Монгол Улсын хэмжээнд тулгамдаж буй хүний эрхийн нөхцөл байдалд анхаарч, 2024 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд бодитой ахиц дэвшил гаргана гэлээ.
Улмаар сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэдгийг онцолсон. Тухайлбал,
Иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд: Үг хэлэх, үзэл бодооо чөлөөтэй илэрхийлэх орон зайг хамгаалах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах, тулгамдсан асуудлыг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, хэрэгжилтийг хангах.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлигыг устгах, нийгэмд тэгш бус байдлыг арилгахад оновчтой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх замаар монгол хүний амьдралын чанарыг сайжруулах.
Бүлгийн эрхийн хүрээнд: Хүүхэд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ажилгүйчүүд ур чадваргүй залуус, хотын ядуус, дотоодын шилжин суурьшигчид, хөдөөгийн ядуус, малчид, үндэстний цөөнх, ахмад настан, бэлгийн цөөнх бүлгүүд хөгжлийн үр шимээс тэгш хүртэх нөхцөлийг бий болгох. Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах.
Хүний эрхийн тулгамдсан бусад асуудалд: Уур амьсгалын өөрчлөлөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх талаарх бодлого, зохицуулалт, хандлага, соёлыг үндэсний түвшинд бүрдүүлэх, гамшиг, онцгой байдлын үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийг хамгаалах төлөвлөлт, зохион байгуулалт, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг орон байраар хангах, учирсан хохирлыг арилгах, нөхөн олговор олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсвийн болон эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох.
Шинээр үүсч буй хүний эрхийн асуудал, салбар хоорондын асуудлууд буюу технологи ба хүний эрхийн асуудал, төсөв, хөрөнгө оруулалтыг хүний эрхийн шалгуураар эрэмбэлж, шийдвэрлэдэг болох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрх сэргээх үндэсний тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, хохирогчийг хамгаалах, хохирогчийн эрх сэргээхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийг шинэчлэх, байгууллагын чиг үүргийг уялдуулах, нөөцийг хуваарилах, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг онцлон танилцуулав.