ӨВЛИЙН УЛИРАЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХ ТАЛААР КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГЫГ ХОЛБОГДОХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ХҮРГҮҮЛЛЭЭ.
2024-02-22 Хэвлэх 486Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүрийн пүрэв гарагт хүний эрхийн тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэж байна. Энэ удаагийн /2024.02.22/ хэвлэлийн бага хурлаар Сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлогыг тусгах чиглэлээр улс төрийн намуудын төлөөлөлтэй хийсэн санал солилцох уулзалтын талаар, хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдол, мэдээллийн тойм, өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх Засгийн газрын тогтоолыг зөрчиж уралдаан зохион байгуулсан Засаг дарга нарт хариуцлага тооцуулахаар авч буй арга хэмжээний талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Д.Ёндонжамц мэдээлэл өглөө.
1. Комисс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлыг тусгуулах үүднээс 22 намын 31 төлөөлөлтэй уулзалт хийж, харилцан санал солилцсон.
Тус уулзалтаар Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд улс төрийн намын үүрэг оролцоо, намын бодлого, хөтөлбөрийг хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр болохуйц бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг ярилцлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, анхаарал хандуулах шаардлагатай тулгамдсан асуудлын талаар санал солилцож, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах хүний эрхийн асуудлыг хөндөв.
Улс төрийн намуудаас
- Сонгуулийн тойргийн тэгш бус хуваарилалтын асуудал
- Эрэгтэйчүүдийн эрх ба жендэр
- Цахим орчин дахь хүний эрх
- Захиргааны хэм хэмжээний актууд нь хүний эрхийг үндэслэлгүй хязгаарлаж байгаа талаар
- Тува иргэд, хүүхдийн эрхийн асуудал
- Холбоо, Сангийн тухай хуулиудыг шинэ үзэл баримтлалаар боловсруулах
- Улс төрийн намын бүртгэлийн асуудал
- Гадаад улсад амьдарч, сурч, ажиллаж буй иргэдийн сонгох эрхийн асуудал
- Тээвэр, уул уурхайн салбарын ажилтнуудын сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлэх
- Сонгох, сонгогдох эрхийн асуудал, тэгш байдлын асуудлуудыг онцолсон юм.
2. Хүний эрхийн Үндэсний Комисст 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 158 гомдол, мэдээлэл ирснээс 111 гомдлыг шийдвэрлэж, ажиллагаанд 43 гомдол байна.
2024 оны 2 дугаар сард ирсэн 40 гомдол, мэдээллийг эрхийн төрлөөр нь ангилбал:
1. Шударга шүүхээр шүүлгэх эрх -16
2. Хөдөлмөрлөх эрх -6
3. Халдашгүй чөлөөтэй байх эрх -4
4. Хүүхдийн эрх -4
5. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх -3
6. Нийгмийн халамж хүртэх эрх -3
7. Эвлэлдэн нэгдэх эрх -1
8. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх -1
9. Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх -1
10. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх -1
3. Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өвлийн улиралд Хурдан морины уралдаан зохион байгуулсан талаарх мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах талаар Комиссын гишүүний Шаардлагыг Сүхбаатар, Төв, Ховд аймгуудын Засаг даргад хүргүүлэн ажиллаж байна. Цаашид Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.