Комиссын гишүүн Ж.Хунан Бүгд Найрамдах Киргиз Улсын Омбудсмен Джамиля Джаманбаева болон НҮБ-ын Төв Ази дахь Хүний эрхийн дээд комиссарын газрын бүс нутгийн төлөөлөгчийн газрын дарга Матильда Богнертай уулзалт хийлээ
2024-03-06 Хэвлэх 71Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан Бүгд Найрамдах Киргиз Улсын Омбудсмен Джамиля Джаманбаева болон НҮБ-ын Төв Ази дахь Хүний эрхийн дээд комиссарын газрын бүс нутгийн төлөөлөгчийн газрын дарга Матильда Богнертай уулзалт хийлээ.
2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Бишкек хотод болсон уг уулзалтаар талууд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.
Киргизийн Омбудсмены зүгээс “Одоогоор бид Киргизийн хүний эрх, эрх чөлөөг хангахад эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн хэд хэдэн төслийг эрчимжүүлж, санаачлан хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Акыйкатчи (Омбудсмен)-ын тухай Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь Киргиз Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бэхжүүлэх юм. Энэхүү хуулийн төсөл нь Киргизийн хүний эрх, эрх чөлөөг хангах үндсэн баримт бичгийн нэг болохоос гадна олон улсын шаардлагыг хангаж, Бүгд Найрамдах Киргиз улсын Акыйкатчи (Омбудсмен) “А” статус авах үндэс болно гэж бид үзэж байна." гэлээ.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан Монгол Улсад иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалж буй өөрийн туршлагаас хуваалцаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “А” статустай гэдгийг дурдаад Комиссын чиг үүрэг, эрх хэмжээний талаар танилцууллаа.
Тухайлбал, Комиссын гишүүний тавьсан шаардлага, зөвлөмжийг төрийн байгууллагууд заавал биелүүлэх үүрэг хүлээдэг. Гишүүний шаардлага, зөвлөмжид гомдол гаргах боломжгүй зэргийг тодотгосон юм.
Уулзалтын төгсгөлд талууд хүний эрхийн салбарын цаг үеийн асуудал, жендэрийн эрх тэгш байдал, гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Тус уулзалтын дараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Киргиз Улсын Омбудсменууд НҮБ-ын Төв Ази дахь Хүний эрхийн дээд Комиссарын газрын бүс нутгийн төлөөлөгчийн газрын дарга Матильда Богнертэй хамтарсан уулзалт хийлээ.
Уг төлөөлөгчийн газар нь 2006 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Төв Азийн 5 улсыг хамардаг. НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монгол Улсад байгуулахаа Монгол Улсын Засгийн НҮБ-д амалсан.
Энэ хүрээнд НҮБ-ын Төв Ази дахь Хүний эрхийн дээд Комиссарын газрын бүс нутгийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл, туршлагаас хуваалцлаа.