Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн, албан тайлбар ирүүлээгүй эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд тайлбар өглөө
2024-04-23 Хэвлэх 138Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Энэ хүрээнд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хавсралтаар оруулсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн, албан тайлбар ирүүлээгүй эрх бүхий албан тушаалтнууд биечилж болон цахимаар оролцож, тайлбараа өгсөн нь өмнөх хуралдаануудаас онцлог байлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2023 онд байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзэж зөрчлийг арилгуулахаар 26 шаардлага, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 61 зөвлөмжийг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Комиссоос гишүүний нийт 87 шаардлага, зөвлөмжид туссан 452 заалтыг агуулгаар нь авч үзвэл,
- Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх
- Жендерийн тэгш байдал
- Хүүхдийн эрх, хүүхдийн сурч боловсрох эрх, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчин нөхцөл
- Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар өгсөн шаардлага, зөвлөмжийн тоо, хувь хамгийн өндөр байна.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллагаар нь авч үзвэл,
- Засгийн газар, яам агентлаг түүний салбар нэгжид 9
- Хууль сахиулах байгууллагад 16
- Нийслэл орон нутгийн Засаг даргад 62
- Төрийн үйлчилгээ
- Төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллага-д 25
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад 11 шаардлага, зөвлөмж хүргүүлсэн.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг 2023 оны байдлаар авч үзвэл, бүрэн хэрэгжсэн 43, хэрэгжих шатанд 30, хэрэгжилт хангалтгүй 6, хэрэгжээгүй 8 байна.
Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагын 80 орчим хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчил эзэлж байгаагаас хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд жендерээр ялгаварлах, ажлын байр дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх, эвлэлдэн нэгдэх эрх зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсооход чиглэсэн байна.
Эдгээр шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үүссэн хүний эрхийн зөрчлийг арилгах, таслан зогсоох, цаашид ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Гэсэн хэдий ч хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, халдашгүй байх эрх, зорилтот бүлгийн эрх хүний эрх зөрчсөн асуудлаар комиссын гишүүний хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын тоо өссөн байх тул холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, нийт ажил олгогч, ажилтнуудад сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах, дотоод хяналт шалгалтыг давтамжтай хийх шаардлагатай байна.
Комиссын хяналт шалгалтын мөрөөр тодорхой ахиц дэвшил гарч, асуудлыг шийдвэрлэж, зарим үр дүнд хүрч байна.
Тухайлбал: Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны стандартыг хангах, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хүүхдийн хөгжих, сурч боловсрох, зөвлөгөө тусламж авах эрхийн чиглэлээр хийсэн хяналт шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмж, шаардлагад заасан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсөв, хөрөнгийг тухайн байгууллага жил бүрийн төсөвтөө тусган батлуулах, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүний эрхэд суурилсан төсвийг дэмжих хууль эрх зүйн зохицуулалтыг анхаарах нь зүйтэй байна.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, явцыг хэлэлцэж байх нь үр дүнтэй гэж үзэж байна.